“Монгол газар” компаниараа овоглох шахдаг Ц.Мянганбаяр Төрийн ордныг гороолох болжээ. “Улс төрд зүтгэх сонирхолтой хүмүүс зөндөө байхад би бизнесээ хийгээд явж байя. Хүн ер нь хийх ёстой юмаа л хийсэн нь дээр” гэдэг тэрбээр юуны учир уяатай мэт гүйдэлтэй болов.
АНУ-ын ерөнхийлөгч агсан Ж.Кеннеди “Улс төр бол мөнгө, бас дахин мөнгө” гэж хэлснийг давтан хэлэх дуртай түүнд өөрийнх нь хэлснээр улстөрч найзууд хангалттай олон бий. Гэхдээ бизнесээс, үйлдвэрлэлээс хэт тасархай хууль боловсруулдаг учраас алтны үйлдвэрлэлийн салбар, сураг нь сонсогдоод биелэлт нь тааруу байгаа “Алт хөтөлбөр”-ийн шинэ цувралаас “шороо атгахаар” шийдэв үү. Энүүхэндээ гэхэд алтны магнатуудаас парламент руу “нүүсэн” нь цөөнгүй. Гэсэн ч үзэл бодолдоо, зарчимдаа үнэнч үлдсэн Ц.Мянганбаяр л санаатайгаар энэ нүүдлээс хоцорсон. Харин одоогийн парламент дахь түүний найзууд, мөн бизнес нэгт өрсөлдөгчид нь салбарт нь ээлтэй ямар орчныг бий болгох бол. Мөн айсуй хувьчлалуудад түүний орон зай хэр байгаа бол гэхчлэн Төрийн ордны үүдний шатан дээр нэр бүхий хүмүүстэй ээлж дараалан уулзах Ц.Мянганбаяр захирлын онцгой содон “суулт”-ыг ажигласан хүн бүр элдэв таамаглал тээж битүүхэн хардах болжээ.
Т.ДОРЖ