Английн домогт Битльз хамлагийн ахлагч Жон Леноны Imagine дууг түүний ганцаарчилсан уран бүтээлийнх нь оргил гэж хэлж болно. Ленон, эхнэр Ёко Онотойтоо хамтран бүтээсэн энэхүү дууны бичлэгийг анх 1971 оны тавдугаар сард тэд өөрсдийн Титенхөрст парк дахь гэртээ хийж байжээ. Улмаар есдүгээр сард АНУ-д сингл хэлбэрээр гарсан даруйдаа Биллбордыг тэргүүлж, арван нэгдүгээр сард нь Их-Британид хит болж, хожим 1980 онд түүнийг буудуулж амиа алдсаны дараа ч Их-Британид дахин тэргүүлсэн байдаг.
Хөгжмийн ертөнцөөс зохих ёсны бүх шагналыг хүртсэн энэ дууг зохиогдсоноос 46 жилийн дараа түүний эхнэр Ёко Оно хамтран зохиогчийн эрхийг хүртлээ.
1980 оны арван хоёрдугаар сард хамгийн сүүлд өгсөн BBC-гийн ярилцлагад Ленон “дууны зохиогчид Ёкогийн нэрийг оруулах дээр би алдсан. Ердөө л миний нэр хүнд өөрийгөө дээгүүр тавьсанаас л болж тэр. Энэ бол Ленон-Ёкогийн дуу байх байсан юм. Дууны үг, санаа гээд маш олон зүйл түүнээс гарсан” хэмээн ярьсан байдаг. Ленон “толгойгоо харандааны балаар дүүрсэн гэж төсөөл, тэдний нэг нь хугарсан гэж төсөөл” гэх зэрэг Ёкогийн Грэйпфрут шүлгийн номны ёжилсон мөрүүдээс дууны үгийг бичих санаагаа олжээ.
Хүн төрөлхтөнд энх тайвнаар оршин амьдарч болох энгийн санааг ганцхан төгөлдөр хуурийн аялгуунд шингээн тоглосон Imagine дууг Ролинг Стөүн хамтлаг Жон Леноны хүн төрөлхтөнд өгсөн бэлэг гэж тодорхойлсон байдаг.
Эх сурвалж: The Guardian