Аав нь охиноо хүчирхийлэхэд ээжүүд яагаад буруутай гэж!

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Аав нь охиноо хүчирхийлэхэд ээжүүд яагаад буруутай гэж!

Аав нь охиноо хүчирхийлэхэд ээжүүд яагаад буруутай гэж!

Бараан гэхэд дэндүү хар мэдээ байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 187 охин бэлгийн хүчирхийлэлд өртжээ.  Тэдний 70 гаруй хувь нь гэрийнхэндээ буюу ураг төрлийнхөндөө хүчирхийлүүлсэн байх юм. “Аав аа, агаа” гээд эрхэлж, хайр энхрийлэл хүсэх охидыг аав нь, ах нь хүчирхийлжээ.   

Охид ураг төрлийнхөндөө хүчирхийлүүлж байгаа нь юутай холбоотой вэ, хүчирхийллийг хэрхэн бууруулах вэ? Энэ талаар ГБХЗХГ-ын мэргэжилтэн Л.Бадамцэцэгээс тодруулахад “Хүүхэд ураг төрлийнхөндөө буюу гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байгааг сэтгэлзүй талаас нь аваад үзэхэд хүчирхийлэгч нь бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун биш, өөртөө итгэлтэй бус  байдагтай холбоотой. Тиймээс насанд хүрсэн хүн байнгын бэлгийн хавьтагчтай, гэр бүлийн харьцаа нь энгийн, тэнцвэртэй байх ёстой юм. Гэтэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн ар гэрийг судлахаар ээж нь өөрөө нөхрийнхөө хүчирхийлэлд (нөхрийнхөө) байдаг, өөрийгөө хамгаалах чадваргүй тул хүүхдээ хамгаалах чадваргүй байдаг.

Гэр бүл нь нийгмийг бүрдүүлж буй анхан шатны нэгж. Мөн гэр бүл нь Засаг захиргаанд харьяалагддаг. Тиймээс ийм төрлийн хүчирхийллийг бууруулахад хамтарсан багийн (баг, хорооны нийгмийн ажилтан, эмч, цагдаагийн алба хаагч, иргэний бүртгэлийн ажилтан)  үйл ажиллагаа маш чухал ” гэлээ.  

64 иргэн аав, ээж байх эрхээ хасуулжээ

“Охид хүчирхийлэлд өртлөө” гэхээр “Ээж нь хаана байсан юм бэ” гэж их асуудаг гэж байсан юм. Охиноо хүчирхийлж буй аавын үйлдэлд биеэ хамгаалах чадваргүй ээжүүд ямар буруутай юм бол, эрэгтэйчүүд эхнэрээ яагаад хүчирхийлэлдээ байлгаад байдаг юм бэ.  Хэн нь ч буруутай байсан аав, ээж байх үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол Гэр бүлийн хуулийн дагуу аав, ээж байх эрхийг нь түр хугацаагаар буюу хамгийн багадаа зургаан сараар хасдаг аж. Энэ үндэслэлээр одоогоор 64 иргэн аав, ээж байх эрхээ хасуулжээ. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул ГБХЗХГ аав, ээжийн ухамсар руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүрээнд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” аян эхлүүлсэн юм. Аяны хүрээнд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг 26000 хүнд заах ажээ.  

Гэр бүлийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг

Хүүхэд сургууль,  гэр бүл зэрэг таван орчинд хамгаалуулах ёстой ч тэдний эрх хамгийн их зөрчигдөж байгаа нь гэр бүлийн орчин аж. Монгол Улсад 2017 онд 32000 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 70 хувийг хоёр төрлийн гэмт хэрэг эзэлдэг юм байна.

Үүний нэг нь хулгай бол нөгөө нь гэр бүлийн хүчирхийлэл аж. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гол үндэс нь хамтарсан багийн үйл ажиллагаа. Хамтарсан баг нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг олж, тэдгээрт тохирсон үйлчилгээ үзүүлдэг.  Хамтарсан баг байгуулагдсанаас хойш буюу өнгөрсөн жил гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буурчээ. Мөн хамтарсан багаас тусламж авч байгаа иргэд найм дахин нэмэгдсэн байна. Ингэснээр хамтарсан баг  анхан шатанд 8000 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, тэдэнд үүсэх байсан ямар нэгэн эрсдэлээс тэднийг хамгаалжээ.

9000 хүүхэд эрсдэлт нөхцөлд байна

Улсын хэмжээнд эрсдэлт нөхцөлд 7000-9000 хүүхэд байгаа аж. Энэ жилээс эхлэн эдгээр хүүхдийг Хүүхэд хамгааллын даатгалд хамруулахаар болсон юм. Ингэснээр хүүхэд алга болох, эрэн хайх, барьцаалагдсан зэрэг тохиолдолд гарах зардлыг тухайн даатгалын компани гаргах юм. Зургадугаар сард багтаан эдгээр хүүхдийг даатгалд хамруулах юм байна.

Р.Ренчиндулам   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж