Улс төр хэвлэл мэдээллийн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганзориг болон тус байгууллагын хуулийн зөвлөх Р.Батцогт нар өнөөдөр /2018.06.04/ мэдээлэл хийлээ. Тэд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа нарыг Авлигатай тэмцэх газарт /АТГ/ шалгуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Мэдээллийн эхэнд “АТГ-т үндсэн дөрвөн асуудлаар хандаж байгаа. Бидэнд ирсэн мэдээллийн дагуу хуульд заасан эрхийнхээ хүрээнд шалгуулах хүсэлт хүргүүлж байна. Хамгийн гол нь эдгээр асуудлууд батлагдчихсан зүйл биш” гэдгийг тэд онцлон хэлэв.
актлагдсан 1000 вагоныг Монгол Улсад оруулж ирсэн
Улс төр хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг “УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нар ОХУ-д үйлдвэрлэгдээд 20 гаруй жил үйлчилгээнд яваад дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 1000 вагоныг Монгол Улсад оруулж ирсэн. Эдгээр 1000 вагоноос өнөөдөр 600 гаруй нь УБТЗ-д техникийн шинэчлэл хэлбэрээр орж ирсэн боловч зарим нь эвдэрч, ашиглагдах боломжгүй болсон. Төмөр замын удирдлагууд 1000 вагоныг оруулж ирэхдээ Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээн авах” журмын 4.1.3 дахь заалтыг зөрчсөн байгаа юм. Тэрхүү заалтад “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байна” гэх чухал заалтыг өөрчлөн, шинэ журам боловсруулж, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглахыг завдсан.
Хоёрдугаар асуудал төмөр замын шатах тослох материалын үнийн асуудал. Шатах тослох материалын үнэ 2014 оноос хойш үнэ нь хэлбэлзээгүй. Д.Жигжиднямаа даргын өмнөх удирдлагуудын үед нэг тонн шатах тослох материалыг дөрвөн сая төгрөгөөр худалдаж авдаг байсан. Гэтэл шинэ удирдлага нэг тонн шатах тослох материалыг арван сая төгрөгөөр худалдаж авсан. Ингээд нийтдээ 180 тонн шатах тослох материалыг нэг тэрбум төгрөг худалдаж авч улсад их хэмжээний хохирол учруулсан гэж бидний зүгээс үзэж байна’ гэв.
Оффшор бүсэд багтсан компаниар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй
Үргэлжлүүлэн Улс төр хэвлэл мэдээллийн байгууллагын хуулийн зөвлөх Р.Батцогт гурав дахь асуудал болох төмөр замын зам засварын машины асуудлын талаар ярилаа.
Тэрбээр ‘БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол Улсад орж ирсэн хоёр чигжээсний машин Толгойтын салаа замын хашаанд огт ашиглагдаагүй дөрвөн жил болж байна. Зах зээлийн үнэ нь таван сая 648 мянган ам.доллар. Гэтэл хоёр ч чигжээсний машин Монгол Улсад байсаар байтал ОХУ-д үйлдвэрлэсэн үүнтэй яг адилхан зам засварын машиныг төмөр замын удирдлагууд 2017 онд нэг сая 770 мянган доллараар худалдан авсан байдаг. Ийн худалдаж авахдаа “LordWest Trade L.P“ гэх Англи улсын компаниас 900 мянган ам.доллараар худалдаж авчээ. Энэ компани санхүүгийн хувьд асуудалтайгаас гадна оффшор бүсэд бүртгэлтэй. Монгол Улсад зам засварын хоёр машин байсаар байтал, яагаад оффшор бүсэд бүртгэлтэй компаниас зам засварын машиныг худалдаж авсан юм бэ? Тэд оффшор бүсэд багтсан компаниар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй.
Дөрөв дахь асуудал Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч,Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “1998 онд оройгоор тавдугаар сургуулийг төгссөн”гэж ярьсан байдаг. Тавдугаар сургуулийг 1997-1998 онд оройгоор төгссөн төгсөлтийн архивт Б.Цогтгэрэл гэсэн нэр байгаагүй. Энэ нь түүнийг суурь боловсрол эзэмшээгүй, өөрийн төгссөн сургуулиа үнэн зөв мэдүүлээгүй зэргийг илтгэж байна” гэв.
Э.Бурам