“Эрдэнэ ресурс”  Канадын биржид хувьцаагаа арилжаалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

“Эрдэнэ ресурс”  Канадын биржид хувьцаагаа арилжаалж эхэллээ

“Эрдэнэ ресурс”  Канадын биржид хувьцаагаа арилжаалж эхэллээ

Канад улсын “Эрдэнэ ресурс девелопмент” ХХК өнөөдөр /2018.06.04/ Монголын Хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэйгээр Эрдэнийн хувьцааг арилжаалах цан цохилоо. Тус үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон “Эрдэнэ ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Петер С.Акарли, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарын төлөөлөл оролцож, Монголын Хөрөнгийн бирж дээр анх удаа гадны компанийн хувьцаа арилжаалагдахаар болж байна.

“Эрдэнэ ресурс девелопмент” ХХК  нь 2000 оны долдугаар сард Канад улсад байгуулагдсан бөгөөд 2002 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад ашигт малтмалын ордын хайгуул, төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Энэхүү давхар бүртгэлээ тус компанийн дөрвөн сая ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 640 төгрөгөөр арилжаалж, нийт 2,56 тэрбум төгрөгийн хөрөнгийг Монголын Хөрөнгийн биржээс татан төвлөрүүлэхээр тооцоолжээ. Мөн Канад улсын хөрөнгийн зах зээл дээрээс найман сая ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 0,38 Канад ам.доллараар үнэлэх ажлыг ч мөн энэ цаг үед хамтад нь эхлүүлж байгаа юм байна.

Монголын Хөрөнгийн бирж болон Канадын хөрөнгийн зах зээл дээрээс төвлөрүүлэх санхүүжилтээр 2019 он хүртэл тус компанийн Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян Хөндийн болон Алтан нар төслүүдийг санхүүжүүлэх, бүс нутгийн хайгуул, судалгааны ажлуудад зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.

“Эрдэнэ ресурс девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Петер С.Акарли:

-Монгол Улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байгаа нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, хөрөнгийн зах зээл хөгжих, олон хөрөнгө оруулагч татаж, хувьцаа  эзэмших байдал нэмэгдэнэ. Нөгөө талаар манай компанийн хувьд ч хайгуулын ажлаа цаашид үргэлжлүүлэхэд хөрөнгө босгох бололцоо  сайжирч байна. Давхар бүртгэл хийхийн тулд тодорхой хэмжээний  дүрэм, журам, зохицуулалт маш чухал байсан. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржээс давхар бүртгэлийн дүрэмд өөрчлөлт оруулах журам баталсан. Мөн Канадын  санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажилласан нь компаниуд Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах ажлыг маш сайн зохицуулсан арга хэмжээ боллоо. Бид 2018 онд хайгуулын ажлаа үргэлжлүүлж, 2019 оноос судалгаагаа нарийвчилж,  ТЭЗҮ-гээ бэлэн болгож, ашиглалтын лицензээ авахаар төлөвлөж байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхайтай нягт холбоотой байна. Тиймээс татвар, хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь маш чухал. Тогтвортой байхын хэрээр хөрөнгө оруулалт наашилна гэдгийг онцлох хэлмээр байна.  Манай компанийн  Баянхонгор аймагт хайгуулын ажлаа эхлүүлээд 14 жил болж буй. Энэ хугацаанд бид орон нутгийн иргэдтэй бид хамтран ажиллаж  ирсэн. Ялангуяа өөрийн хөрөнгө оруулалтыг хийж, олж буй ашгаас хүртэл бололцоо нээж өгч байгаагаараа онцлогтой.  Энэ жилийн хувьд алтны зах зээл тийм ч сайнгүй байсан цаашид өсөх төлөв байгаа учраас  Хөрөнгийн бирж дээрээс хувьцаа худалдаж авч байгаа хүмүүст эхний  жилүүдэд ашигтай байхаас илүү урт удаан хугацаанд илүү өгөөжтэй  байх, ашгаа хүртэх сонирхолтой хүмүүс байдаг. Тиймээс үр дүн нь тодорхой хугацааны дараа гарах  байх.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Монгол Улсын уул уурхайн салбар, хөрөнгийн зах зээлийн салбарт түүхэнд тэмдэглэх өдөр болж байна. Ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн гадаадын аж ахуй нэгжүүд өнөөдөр Монголын Хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалах, давхар  бүртгэлийн системийг эхлүүлж байгаа нь чухал ач холбогдолтой. Уул уурхайн яамны зүгээс цаашид үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуй нэгжийг дотоодын хөрөнгийн биржээр зах зээлд нийцсэн, зах зээлийн даацад  нийцсэн хувьцааг гаргах тал дээр бид бодлогын хувьд  бүрэн дэмжиж ажиллана. Ард иргэд ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээс авах тэр боломжийг бүрдүүлэх суурь өнөөдөр тавигдлаа. Уул уурхайн салбар өөрөө эдийн засгийн суурь учраас олон улсын стандартад нийцсэн компанийн зөв засаглалтай хувьцаа, арилжааг олон нийтэд ил тод байдлаар явах нь зөв юм. Энэ нь ард иргэд цаашид уул уурхайн салбарт итгэх, үр өгөөжөө өөрсдөө хүртэх боломжийг бүрдүүлж байгаа юм. “Эрдэнэ ресурс девелопмент” ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзалтууд хийж, алтны нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлэх, ТЭЗҮ-гээ ном журмаар нь  боловсруулж, орон нутгийн иргэдтэй нягт хамтарч ажиллаж байгаад нь би талархалтай хандаж байна. Уул уурхайн салбар, хөрөнгийн зах зээлтэй нийлж, хосолсон байдлаар гарч ирж байгаа нь эдийн засаг цаашид тэлэх боломжийг бүрдүүлнэ. Төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад ус, агаар шиг хэрэгтэй байгаа. Бид бүхний хамтын ажиллагааны үр дүнд эдийн засаг тогтворжиж, макро эдийн засгийн түвшин сайжирч, төгрөгийн ханш чангарах эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт найдаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн:

-Давхар бүртгэлийн журмыг өнгөрсөн онд баталсан. үүнээс өмнө дэлхийн нэр хүнд бүхий 24 улсын хөрөнгийн биржийн жагсаалтыг баталсан. Энэ жагсаалт баталснаар тухайн хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах, хамтарч ажиллахад хөнгөлөлт үзүүлэх, хамтран ажиллах боломжийг нь олгож байгаа юм. “Эрдэнэ ресурс девелопмент” ХХК нь хөрөнгийн зах зээлд цоо шинэ  хуудас нээж байна. Энэ нь Монголын 300 гаруй компаниудад засаглал, ил тод, хариуцлагатай байх, тайлагналаа хэрхэн ил тод хувьцаа эзэмшигчдэд таниулах ёстой зэрэг шинэ хандлагыг бий болгох нөлөөтэй юм.

Хувьцааны захиалга 2018 оны тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 14-н хүртэл хийгдэх бөгөөд захиалгатай холбоотой асуултыг давхар бүртгэл хариуцаж буй тэргүүлэх андеррайтер БиДиСек ҮЦК ХК ажиллах юм байна.

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай:

-Монголын  Хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр түүхэн үйл явдал боллоо. “Эрдэнэ ресурс девелопмент” ХХК Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадны хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргадаг 30 гаруй компаниудын төлөөлөл болж, анхны давхар бүртгэлтэй хувьцааг гаргаж байна. Давхар бүртгэлийн үйл ажиллагаа явагдсанаар олон улсын томоохон  Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалагдах, том компаниуд  Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах булган сүүлтэй процесс болох байх. Монголын Хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэхээр хэд хэдэн гадны компаниудтай санал солилцох ажлууд хийгдэж байгаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж