Валют босгоё гэвэл казиногоо байгуул

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Валют босгоё гэвэл казиногоо байгуул

Валют босгоё гэвэл казиногоо байгуул

Онгон байгаль, нүүдэлчин соёл, хөдөөний ахуйгаар аялал жуулчлалын ашиг орлогыг хэмждэг цаг ард хоцорч, зугаа цэнгэл буюу казино руу хошуурч байна.

Монгол Улс казино байгуулж, хоёр хөрш болон Араб, Япон зэрэг орны баячуудын валютыг “сааж” хаан шиг амьдрах тухай мөрөөдсөөр 20 жил болжээ.

Уг нь хэд, хэдэн Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлэх бүрийдээ Казино байгуулах тухай хуулийн төсөл санаачилж ирсэн ч анхны хууль батлагдсан даруйд гурван ч гишүүн аавын хаалга татсан гашуун түүх бий бол дараагийн төслүүд УИХ дамжсаар өнөөдөртэй золгожээ.

Тодруулбал, казино байгуулах тухай анхны хуулийг 1998 онд баталж, буцааж хүчингүй болгосон цаг хугацаанаас хөөвөл шинэ төмөр зам тавих хөрөнгийг өлхөн босгох боломжийг алджээ гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Одоо ч энэ боломжийг эрх баригчид алдаж, хойш суусаар. Тэр хэрээр төсөвт төвлөрөх татварын орлогыг алдаж буй юм. 

Дөрөв дэх нь гэж нэрлэж болохуйц, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед боловсруулагдсан дээрх төсөлд казиног дэд бүтэц хөгжсөн хоёр байршилд байгуулахаар тусгасан. Харин тусгай зөвшөөрлийг нь 10 жилээр олгоно. Нэг удаагийн тусгай зөвшөөрлийг 35 тэрбумаар арилжина. Казинод онцгой албан татвар ногдуулах бөгөөд энэ нь үйл ажиллагааны орлогын 15 хувь байна. Казиногийн ширээ бүрээс сард 5.5 сая төгрөгийн татвар тогтмол авна. Түүнчлэн казино цогцолборын 85 хувь нь зочид буудал, үйлчилгээнээс бүрдэх бол 15 хувь нь казиногийн зориулалттай байна гэж заасан билээ.

УИХ-аас жил гаруй өмнө УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулан дээрх төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан ч одоо хэр нь УИХ-аар төслийг хэлэлцээгүй.

Хааяахан аялал жуулчлалын компаниуд эл төслийг яаралтай хөдөлгөөч гэж ганц нэг үг дуугарахыг эс тооцвол мартагдсан дууль болж байна гэж хэлж болно.

Уг нь Хөшигийн хөндийд барьсан олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой зэрэгцэн казино байгуулчихсан, ажиллаж эхэлсэн бол хүүхдийн мөнгө алагчилж олгохдоо тулж, хөгөө чирэхгүй л байсан болов уу. Одоо тус онгоцны буудал ашиглалтад орохтой зэрэгцэн бүрэн дүүрэн ашиглаж чадах эсэх асуудал хөндөгдөж буй. 

Дээр нь казино бол байгаль экологид хор хохирол учруулдаггүйгээрээ онцлог бизнес. Хөрөнгө оруулалтыг ч татах бололцоотой. Гагцхүү хяналтыг сайн тавьж ажиллах нь чухал аж.

Ази тивд анх БНСУ зөвхөн казино байгуулж байсан бол өнөөдөр Макао, Сингапур зэрэг орон казиногоор дамжуулж, асар их валют олох болжээ. Аялал жуулчлал дээрх орнуудад хөгжихөд казино түлхэц өгсөн байна. Хөрөнгө оруулалтаа ч богино хугацаанд буюу хоёр жилийн дотор нөхжээ. 

Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд казино байгуулахад газар зүйн байршлын хувьд баячуудынх нь хувьд хамгийн ойр бүс гэж үзэх нь бий. Ажлын алжаалаа тайлахаар амралтын өдөр зориод ирэх боломжтой аж.

Нөгөө талаас орчин цагийн казино нь зөвхөн бооцоот тоглоомын газар байхаа больсон. Хүүхдийн тоглоомын парктай байхаас гадна зочид буудлууд, брэндийн дэлгүүрүүд гээд цогцолбороор баригддаг. Түүнийг дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ, тухайн улсын иргэд нь төдий хэмжээгээр ажлын байраар хангагдана. Өөрөөр хэлбэл, Монголд нэг казино байгуулахад тухайн газарт юм, юм хөгжих бололцоо бүрдэх болж буй юм.

Мөн аялал жуулчлал хөгжинө. Өвөл байтугай зундаа ч эзгүй шахам байдаг зочид буудлууд зочдоо багтаах зайгүй болох тохиолдол ч олонтаа гарна. Энэ бүхний цаана валют л эргэлдэнэ.

Газрын баялгаа хайр найргүй ухаж, буруу ашиглаж байна гэж ярих хэрнээ байгаль экологид харшлах зүйлгүй энэ мэт бизнесийн эрх зүйн орчноо бүрдүүлэхэд 65 анхаарч, ажлаа эрчимжүүлэхгүй бол казинотой болох мөрөөдөл дахиад хэдэн ч жилийг алдаж мэдэх нь.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж