Олимпийн алтыг ихэрлүүлсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Олимпийн алтыг ихэрлүүлсэн өдөр

Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улс олимпийн алтан медалийг ихэрлүүлсэн баярт үйл явдал тохиосон. Хагаралтай байсан нам засгийн гишүүдийг хүртэл энэхүү түүхэн үйл явдал эвлэрүүлж чадсаныг өнөөг хүртэл спорт сонирхогчид тодоос тод санаж байгаа биз. Тийм ээ, тэгвэл өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Энхбатын Бадар-Ууганы Бээжингийн олимпиос хоёр дахь алтан медаль авсны гурван жилийн ой тохиож байна. Монгол хүний хурц, дайчин чанарыг харуулсан жирийн монгол хүү өдгөө дэлхийн хүн болжээ. Бээжингийн рингэнд өрсөлдөгч бүрээ илт илүүрхэж алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулсан Э.Бадар-Ууганыг олимпийн аварга болсны дараа, боксын умгар бэлтгэлийн өрөө өсвөрийн багачуудаар дүүрч билээ. Бүгд л “Бадар-Ууган ах шиг олимпийн аварга болно” хэмээн итгэл төгс хариулж байсан. Бээжингийн олимпоос хойш бэртлийн улмаас олон тэмцээнд оролцож чадаагүй ч аварга цолоо хамгаалахын төлөө бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж байна. Э.Бадар-Ууган олимпоос алтан медаль аваад эх орондоо ирснийхээ дараа “Олимпийн аварга хэмээх нэр алдрыг хүртлээ. Маш их баяртай байна. Харин одоо энэ нэр хүндийг хамгаалах чухал үүрэг хүлээлээ. Лондоны олимпод энэ үүргээ биелүүлж, олимпийн аварга цолоо хамгаалахын төлөө хичээх болно” хэмээн ярьж байсан. Тэгвэл түүний энэхүү амлалт биелэхэд тун бага хугацаа үлджээ. Монгол аавын хүү, монголчуудын бахархал болсон тэрбээр өдгөө “Эрдэнэт” хотод бэлтгэлээ хийсээр байна. Хэдхэн хоногийн дараа боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо эхэлнэ. Уг тэмцээнээр олимпийн эрх олгох учраас түүнд нэлээд ачаалал ирж байна. Удаа дараалан томоохон тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байсан ч бэртэл түүнийг “зүгээр байлгахгүй нь”.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж