У.Хүрэлсүхийн “уянгын” комплекс

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн “уянгын” комплекс

У.Хүрэлсүхийн “уянгын” комплекс

Улстөрч ах нарынх нь хүүхдүүд дээр “асгасан” аугаа хайрын романс өндөрлөв. Өнөө жилийн “Эх үрсийн баяр”-ын оргил хэсэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Эрдэм” асрамжийн төвд зочилж хүүхдүүдтэй уулзах үеэрээ “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” хэмээн дуулахыг сонсож уярахдаа нулимс унагасан явдал байв. Тэрбээр асрамжийн газрынхаа байрыг хураалгах гээд байгаа асуудалд зангарагтай хандаж “Намайг Ерөнхий сайд байхад энэ байрыг та нараас хэн ч булааж авахгүй. Хэрвээ хэн нэгэн дээрэмдэх гээд ирвэл Ерөнхий сайдтай уулз гэж хэлээрэй” гэдэг “баатарлаг” дүрийг бүтээж амжив. Харин орой нь “Цөлийн сарнай” асрамжийн газрын халуун бүлийн гишүүн 12 настай Б.Тэргэл гэдэг охин Ерөнхий сайдын өрөөнд “гэнэт” зочилсон аятайхан “драм” олон хүнийг уярааж чадлаа. Төрийн ордонд, Ерөнхий сайдын өрөөнд өнчин охин байтугай өндөр дээд албан тушаалтнууд, хамгийн том компанийн захирлууд ч хатуу болзол шалгууруудыг давж байж нэвтэрдэг болохоор “ингэж зохион байгуулахаас” өөр арга байгаагүйг ойлгож байна. Охин ч сайн ярилцсан. Гэнэн мэт боловч цочихоор асуултууд тавьж чадсан энэ нэвтрүүлэг яах аргагүй олон хүний сэтгэлд хүрсэн биз ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхаасаа л “Өнөр бүл” асрамжийн газрыг гүнээ анхаарч ирсэн. Энэ удаад мөн л төсвөөс тусгасан хөрөнгө нь багадаад байдагт анхаарал хандуулна гэдгээ амласан. Хүүхдийн баяр У.Хүрэлсүх сайдын хувьд нэлээд эерэг сэтгэгдэл, нэмэх оноо авчрах шиг боллоо.

Ямартай ч В.Путин шиг нүцгэн чээжиндээ буу үүрэх, эсвэл Д.Трамп шиг Х.Мубарак шиг дүр эсгэхээс хувь илүү төдийгүй хүүхэд тэвэрч, үнсэх нь жигтэйхэн зохидог удирдагч байх шинжтэй. Сонгуулиас хойш “ийм зураг” хараагүйг хэлэх үү, соньхон байлаа.

Дашрамд сонирхуулахад манай улстөрчдөөс Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа хүүхэд тэвэрч үнсэн “уур амьсгал”-ыг ихэд зөөллөдөг байв. Дээр нь түүний төрсөн өдөр Эх үрсийн баярын өдөр “тохиосонд” эгдүүцдэг хүн ч цөөнгүй байлаа. Улстөрчийн хувьд намтраараа оролдож улс төр “хийлээ” гэсэн хэрэг л дээ. Гэхдээ Монголд “Хүүхдийн баяр”-ыг 1952 онд тэмдэглэж эхэлсэн 1958 оны зургадугаар сарын 1-нд “төрсөн” түүний буруу ч гэж юу байхав. Тэрбээр хүүхдийн баяраар Их тэнгэр дэх байрандаа “хүүхдүүд аваачаад” бөмбөгөөр тоглоно. Тэднийг “дэргэдээ” суулгаж байгаад телевизээр ярилцана. Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж Солонгост эмчлүүлж байхдаа ч “Хүүхдийн баяр”-ыг хүүхдүүдтэй тэмдэглэнэ гэсэн мэдээ нь хэвлэлийн хуудаснаа тархсаар л байв. Харин “өнөөдөр” Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Эрдэм” асрамжийн төвд 1000 төгрөг хандивласан тухай мэдээг уншлаа. Одоогоос  18 жилийн өмнө тэрбээр яг л У.Хүрэлсүх шиг “Хэрвээ хэн нэгэн дээрэмдэх гээд ирвэл Ерөнхий сайдтай уулз” гэж хэлээрэй” гээд явж байж. Тэр үед төрж байсан хүүхэд эрийн цээнд хүрлээ гэсэн үг.  Энэ хооронд их зүйл өөрчлөгджээ. Н.Энхбаяр гэдэг улстөрч ч мөн л “хүүхдээр чимдэг”, “хүүхдээр аврагддаг” байсан юм.

Ерөнхий сайд С.Батболд, Ж.Эрдэнэбат нарын тухайд “Эх үрсийн баяр”-аар хүүхдүүдтэй уулзах, зургаа авхуулах зэрэг нь цагийн үеийн л ажил төдийгүй хэдийгээрээ гэгээн сайхан харагдах ч албан ёсны, ажил хэрэгч уур амьсгалтай хэвээрээ байдаг байв. Харин Н.Энхбаярын хувьд түүний тухай “муу мэдээ” бүхнийг гэнэт “сүлдэг” байв. Тэгвэл У.Хүрэлсүхийн хувьд яг л жүжигчин мэт. Каск өмслөө гээд барилгачин, уурхайчин, халат өмслөө гээд эмч болж харагддаггүй ч хүүхэд тэвэрч үнсэх, тэдний зовлонг хуваалцаж нулимс унагах нь яагаад ийм сэтгэлд ойрхон, мартагдашгүй байж чадав аа. Энэ лав их чухал “комплекс” болж үлдэх биз. Ямар азаар сонгуулийн үеэр ийм зураг, дүрс ашиглахыг хориглосон юм бэ. Тэгээгүй бол гарцаагүй хэдэн хүний саналыг “эргүүлнэ” шүү. Харин өнөөдрөөс хатуу ширүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “эргэн ирлээ”. Б.Тэргэл охинтой уулзан ярилцсан яг л тэр өрөөндөө хэн нэгнийг дуудан загнаж, түүний үсийг илсэн гараараа хэн нэгнийг цохиод авдаггүй юмаа гэхэд арга хэмжээ авах албан даалгавар бичдэг ч юм уу, тэс өөр дүртэй суугаа гэж бодохоор нэг л соньхон. Хүүхдүүд түүний нэвтрүүлгийг шимтэн үзсэнээ дурсангаа “Бүх хүүхдэд 20 мянган төгрөг өгчхөж болдоггүй юм байх даа. Энэ хүн л шийднэ дээ” гэж бодож суугаа биз. Аргагүй шүү дээ, дээрэлхээд байгаа хүнд “Ерөнхий сайдтай очиж уулз гэж хэлээрэй” гэсэн юм чинь. Гэхдээ Ерөнхий сайдыг ч “дээрэлхдэг” хүн байдгийг одоохондоо мэдэхгүй нь яамай даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж