Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгасны дагуу ил задгай авто машины худалдаа эрхлэхийг зогсоож, нэг цэгт төвлөрүүлэх ажлыг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, авто машины худалдааны цогцолбор барих шийдвэр гарснаас хойш гурав дахь жилдээ орж, шинэ газар авто машин худалдаачдыг байршуулах ажил эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч буй юм.
Гэвч орлого, ашигтай байршил зэргээ бодон нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Да хүрээ” зах болон түүнийг тойрсон ил задгай талбайд байршиж буй авто машин худалдаа эрхлэгчид өнөөдрийг хүртэл шинэ газарт очоогүй наймаачид нь ‘Хөөтөл нь нүүхгүй’ гэсэн байр суурьтай байна.
Бид тус захын удирдлагуудтай уулзаж хэзээнээс нүүх төлөвлөгөөтэй байгаа талаар тодруулга авахыг оролдсон боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Менежер, зохион байгуулагч гэх хүмүүс нь зугтаав. Үйлчилгээний төв гэсэн хаягтай байшингийн өмнө зогсож байх зуур хамгаалагч бололтой хүнд богино холбоогоор дамжуулж, хэвлэлийнхэнд ямар ч хүн яриа өгөх ёсгүй гэсэн үүрэг өгөв. Гэсэн ч бид тус захад худалдаа эрхлэхгч Б.Тамираас дараах асуултад хариулт авлаа.
-Та хэдэн жил энэ захад үйл ажиллагаа эрхэлж байна вэ?
-20 гаруй жил энд сууж машины жижиг сэлбэг зарж байна.
-Авто машины захыг нүүлгэх талаар таны бодлыг сонсоё?
-Энд байгаа ихэнх хүмүүс нүүхийг эсэргүүцэж байсан. Би ч гэсэн хувьдаа нүүмээргүй л байна. Шинэ худалдааны цогцолбор луу нүүвэл гэр холдоод хэцүү л байх болно.
-Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албадан нүүлгэх болбол яах бэ?
-Хэрвээ тэгж нүүлгэх дээрээ тулбал нүүнэ дээ. Хэчнээн хол хэцүү байсан ч төр засгийн шийдвэрийг хүндэтгэж үзэлгүй яах вэ. Манай энэ захын удирдлагууд яах юм болдоо хэлж мэдэхгүй л юм.
Бид “Да хүрээ” захаас гараад явахад замын хоёр талаар ил зогсоолд авто машин худалдааж буй хэд хэдэн газартай тааралдав.
Бүгд нийслэлээс гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, шаардлага хангахгүй газар авто машин худалдаалж байв. Бидний очсон дараагийн газар бол хуучин машин худалдаалдаг зах байв. Орохдоо 1000 төгрөг төлж, зогсоолд нь машинаа байршуулдаг аж. Энд “Да хүрээ” захаас ч долоон дор орчин угтав. Шороо тоос боссон, хатуу цардмал зам байхгүй, энд тэндгүй хог хийснэ. Энэ захаас иргэд Монголд явж байсан дугаартай машин худалдаж авдаг юм байна.
Оршин суугчдын хувьд /БЗД-ийн 9, 17, 22, 24-р хороод/ ая тухтай орчинд амьдардаг болохын тулд хамгийн түрүүнд “Да хүрээ” захыг нүүлгэх нь хотын захиргааныхны нэн тэргүүнд хийх ажил болж байна гэж хэллээ. Том зах нь манлайлаад нүүвэл жижгүүд нь буюу бусад ил задгай газар авто машин худалддаг иргэд дагаад нүүнэ. ‘Да хүрээ’ зах нүүхгүй болохоор барьцаад худалдаа эрхлээд байна гэдгийг ч хэллээ.
Дэлхий дахины хотууд хөгжихийн тулд авто машины худалдааны газруудаа зах хязгаар газар луугаа гаргадаг бол Улаанбаатар хотод эсрэгээрээ хүн ам хамгийн олноор төвлөрдөг хэсэгт авто машины худалдаа төвлөрч буй юм. Түүнийг дагаад авто машины түгжрэл ч үүсдэг. Дуу чимээ асар их тул тав тухай нөхцөлд амьдрах боломж байдаггүй. Жилийн дөрвөн улиралд шороо тоос босож байдаг гээд орчин нөхцлийн хувьд хүнд аж.
Энэ бүхнийг тооцож, хотын өмнөх удирдлагууд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо орчимд шинэ авто машины худалдааны төвийг барьж байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн удирдлага ‘Нүүлгэн шилжих ёстой’ гэсэн захирамж гаргасан ч дассан газрын даавуу зөөлөн гэсэн хандлагаар наймаачид хандаж, хотоос хөөх хүртэл нь суухаар сэтгэл шулуудсан байгаа юм.
Нэг хэсэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг дээгүүрт тавигдах ёстой тул нийслэл төмөр нүүрээ гаргаж, хотын даргын захирамж хэрэгжихэд анхаарах цаг болжээ.
Н. ГАНБАТ