Хойд Солонгосын удирдагчийн зардлыг хэн төлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын удирдагчийн зардлыг хэн төлөх вэ?

Хойд Солонгосын удирдагчийн зардлыг хэн төлөх вэ?

АНУ болон Хойд Солонгосын логистикийн багууд хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар өнгөрсөн долоо хоногийн эхээр Сингапур улсыг зорьцгоосон. Тэд төрийн тэргүүн нарын байрлах зочид буудал, уулзалт хийх газруудыг товлохоор ажилласаар байна.

Гэтэл Вашингтон постын баасан гаригт /2018.06.01/ мэдээлснээр АНУ-ын албаныхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны Сингапурт байрлах зардлыг хэн төлөх вэ гэдэг асуулттай тулгараад байгаа аж. Учир нь хатуу хориг арга хэмжээнээс эдийн засаг нь суларсан гэх Пхеньяны зүгээс удирдагч Ким болон түүнийг дагалдах төлөөлөгчдийн зочид буудлын зардлыг өөр улс орноор төлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хойд Солонгосын удирдагчийн байрлахаар сонгоод байгаа таван одтой Fullerton зочид буудлын ерөнхийлөгчийн люкс өрөө нэг хоногийн 6000 гаруй ам.долларын үнэтэй гэнэ.

Энэ асуудлаар Хойд Солонгосын айлчлалтай холбоотой зардлыг гаргуулахын тулд АНУ-ын Сангийн яам болон НҮБ-д эдийн засгийн хоригоос нь чөлөөлж өгөх хүсэлт тавих тухай асуудал ч яригдаж байна.

Цөмийн зэвсгийг устгах Олон улсын хөдөөний байгууллага өнгөрсөн жил “Солонгосын хойгт энх тайвныг цогцлоон цөмийн зэвсэггүй дэлхий болцгооё” уриатай аян өрнүүлсэн нь Нобелийн шагнал хүртжээ. Тэд энэхүү шагналыг дагалдах 1.1 сая ам.долларын мөнгөнөөс Ким Жон Уны зочид буудлын зардлыг төлөхөөр санал тавьсан гэнэ. Учир нь энэ бол цөмийн зэвсгээс татгалзан, энх тайвны төлөө бидний хийж болох, бидний үүрэг хүлээсэн ажил гэж Удирдах хорооны гишүүн Акира Кавасаки мэдэгджээ. 

Зочид буудлын зардлаас гадна Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапур луу ямар онгоцоор хүрэлцэн ирэх асуудал хүртэл шийдэгдэх ёстой байгаа. Ерөнхийлөгч Д.Трамп Шангри-Ла зочид буудалд байрлаж магадгүй байгаа бол хоёр удирдагчдын албаны яриа хэлэлцээг Сентоза арал дах харьцангуй алслагдмал Capella зочид буудалд хийхээр хэлэлцэж байна.

АНУ-ын Төрийн департамент уг асуудлаар мэдэгдэл хийхээс татгалзсан ч бямба гаригт /2018.06.02/ хэвлэлийн төлөөлөгч Хедер Науэрт Хойд Солонгосын зочид буудлын зардлыг АНУ төлөхийг үгүйсгэж, өөр улс орноор төлүүлэхээр ч асуугаагүй гэжээ. Хэдийгээр АНУ зардлыг гаргахад бэлэн байгаа ч, зохион байгуулагч орноос асууж үзэхээр төлөвлөж байна. Ямартаа ч Хойд Солонгосын удирдагчийн зочид буудлын өрөөний зардлыг аль улсаар төлүүлэх асуудлыг АНУ-ын тал ойрын хугацаанд шийдэх шаардлагатай болж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж