Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд яг одоо бизнес эрхлэгчидтэй ‘Business breakfast’ уулзалтыг хийж байна.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас сар бүр зохион байгуулдаг дээрх уулзалтад энэ удаад хотын дарга уригдсан нь энэ юм. Уулзалт МҮХАҮТ-ын их танхимд болж буй бөгөөд бизнес эрхлэгчдийн зүгээс олон асуудлыг хөндөн тавьж байна. Тухайлбал, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтөд үндэсний компаниудаа давуу эрхтэй оролцох эрх зүйн орчин бүрдээгүй учраас Хятадын компаниудтай хамтарч, ажиллаж байна. Үүнийг дагаад чанар стандарт хангахгүй, цаг уурт нийцэхгүй бараа материалуудаар барилга барихад хүрч байна. энэ асуудлыг шийдэх гарц нь барилгын материал үйлдвэрлэдэг үндэсний компаниудаа дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх. Ийм орчин бүрдүүлбэл гадагшаа гарч байгаа валютын урсгал саарна. Эрх зүйн орчин бүрдээгүйгээс өөрийнхөө хөрөнгийг эрсдэлд оруулан, үйлдвэр босгосон компани хаалгаа барьж байна. Нөгөө талдаа ард иргэд 20 жилийн хугацаатай зээл авдаг ч барилга нь чанар муутай байна” гэлээ.
Мөн Аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэгч “Улаанбаатар хотын зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж байна гэдэг ч жуулчдад зориулсан хөтөлбөр байдаггүй, ард түмний наадам болдог. Хөрөнгө мөнгө зардаг ч жуулчдад хандсан эвент хэрэгжүүлэхгүй байна” гэсэн юм.
Багануур дүүрэгт аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах төслийг нэр бүхий холбоо боловсруулж, найман жилийн турш ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд 5.8 сая төгрөг зарцуулсан байна. Аюултай хог хаягдлыг боловсруулах эрх зүйн орчин бүрдсэн. Гагцхүү газаргүйгээс энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Иймээс хотын даргыг газрын асуудлыг шийдэж өгөхийг хүслээ.
Хотын дарга С.Батболд “Импортоор бараа материал оруулж ирээд түүнийгээ угсрахыг үндэсний үйлдвэрлэл гэж нэрлэдэг. Иймээс ямар үйлдвэрийг үндэсний үйлдвэр вэ гэдгийг тодорхойлохгүй бол ялгаварлан гадуурхсан болно. Үндэсний үйлдвэрээ дэмжих нь зүйн хэрэг” гэсэн тайлбар өглөө.
Бизнес уулзалт үргэлжилж байна.