Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад захидал илгээжээ. Нугалсан сонины хэмжээтэй дүйх том дугтуйтай захидлыг Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын төв хорооны дэд дарга, генерал Ким Ён Чол баасан гаригт Цагаан ордонд гардуулав. Захидлын агуулгыг хараахан олон нийтэд зарлаагүй боловч АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сэтгэл хангалуун байгааг хэвлэлийнхэн онцолжээ.
Ким Жон Ун захидалдаа Сингапурын уулзалтыг товлосон шийдвэрийг магтан сайшааснаар эхлүүлсэн нь тодорхой гэж эх сурвалжууд таамаглажээ. Улмаар дайсагналаа зогсоож, харилцаагаа хэвийн болгохыг хүсч, цөмийн зэвсэглэлээс татгалзах амлалтаар захидлаа төгсгөх нь гарцаагүй гэнэ.
Өмнө нь тавдугаар сарын 24-нд Доналд Трамп захидлаар дамжуулан Сингапурын уулзалтыг цуцлах болсноо мэдэгдсэн юм. Тэрбээр Хойд Солонгосын удирдагчийн хатуу мэдэгдлээс болж уулзалтыг цуцалж буйгаа аргадсан өнгө аясаар илэрхийлсэн байв. Гэвч тэрбээр Хойд Солонгосын төлөөлөгчтэй уулзсаныхаа дараа бодлоо дахин өөрчилж, ‘болзоо’-гоо цуцлаагүй болохоо зарласан. Иймээс талууд уулзалтаа Сингапурт товлосны дагуу бэлтгэл хангах ажил үргэлжилж байна.
Ким Ён Чол нь 2000 оноос хойш анх удаа Цагаан ордонд айлчилсан Хойд Солонгосын өндөр дээд хэмжээний төлөөлөгч болжээ. Урьд нь Маршал Жо Мён Рок АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтонтой уулзаж байсан аж. Ким Ён Чол Трамптай уулзсаныхаа дараа АНУ-аас НҮБ-д суугаа дэд төлөөлөгчийн гурван унтлагын өрөөтэй хувийн сууцанд төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой оройн зоог барьжээ. Үүнээс өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пеньянд зочлоод ирсэн юм. Тэрбээр төрийн тэргүүн нарын уулзалтаас болж сүүлийн хэдэн долоо хоногт хоёр дахь удаагаа Пеньянд айлчилсан аж.
Тэгвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн хоёрдугаар сард өвлийн Олимпийн наадам болохын өмнө Ким Жон Унаас үүнтэй ижил хэмжээтэй захидал хүлээж авсан гэнэ. Алтлаг дардсаар тамгалсан захидалд Ким Жон Ун хоёр Солонгосын төрийн дээд уулзалтыг зохион байгуулах хүсэлтээ уламжилсан аж. Захидлыг Ким Жон Уны дүү охин Хөх ордонд Мун Жэ Интэй уулзах үеэрээ гардуулжээ. Ким Ёо Жон өнгөрсөн хоёрдугаар сард Пёнчаны Олимпийн наадамд оролцсон Хойд Солонгосын төлөөлөгчдийг ахлан Сөүлд айлчилсан юм. Тэрбээр 1950-193 оны хооронд хойгт өрнөсөн дайнаас хойш Кимийн гэр бүлээс анх удаа Сөүлд хөл тавьсан хүн болжээ.
АНУ-ын ерөнхийлөгчид захидал илгээснээрээ Ким Жон Ун өөрийгөө гэрээ, хэлэлцээ хийх бүрэн чадвар, эрх ямбатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны төрийн тэргүүн гэдгээ батлахыг хүссэн гэж ажиглагчид дүгнэжээ.
Сүүлийн саруудад Ким Жон Ун дипломат үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх болсон нь Хойд Солонгосыг тусгаарлаж, эдийн засгийг нь боомилсон олон улсын хоригийг цуцалж, эрх мэдлээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх оролдлого гэнэ. Тэрбээр Барууны дипломат харилцааны арга барилын дагуу ажиллаж байгаа нь АНУ-ын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийх хүчин чармайлт, чин сэтгэлээ илэрхийлж буй хэрэг гэж Сөүл дэх Хойд Солонгосын судалгааны профессор Ян Му Жин мэдэгджээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс татгалзах хэдий ч улс орныхоо аюулгүй байдал болон эдийн засгийн үр өгөөжийг баталгаажуулахыг эн тэргүүнд эрэлхийлж байна.