Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг энэ онд багтаах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
УИХ-ын дарга М.Энхболд ирэх долоо хоногт ОХУ-ыг зорино. эрбээр УИХ-ын зарим гишүүдийн хамт ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага Олон улсын парламентын холбоотой хамтран зохион байгуулж байгаа хуралд оролцох юм байна. Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чинтао хотноо зохион байгуулагдах ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. ШХАБ-ын үеэр ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм. Уг уулзалтын үеэр гол яригдах асуудал нь гурван талт хамтын ажиллагаанууд байх бөгөөд эдийн засгийн коридорыг хөндөж ярилцах юм байна. Энэ хүрээнд 32 төсөл хөтөлбөр төлөвлөж байгаагаас эхний ээлжинд төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ, авто замын төслийг эхлүүлэх ажээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д зургадугаар сарын гуравдугаар хагаст айлчлал хийхээр тохирсон талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлсэн. Энэ айлчлалын хүрээнд Мянганы сорилтын хөгжлийн сангийн хоёр дахь ээлжийн гэрээг сунгах юм. Ингэснээр 350 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирэх бөгөөд усны хангамжийн асуудалд зарцуулах аж. Тодруулбал, аж үйлдвэрийн зориулалтаар саарал ус гаргана гэж төлөвлөжээ.