АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ган болон төмрийн импортын тарифыг нэмэгдүүлснээс үүдэн олон улс худалдааны дайны ирмэгт тулж ирээд байгааг Их-7 бүлгийн сангийн сайд нар анхааруулжээ. АНУ-ын эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга (сангийн сайд) Стив Мнучин бямба гаригт Канадын Вистлер хотноо болсон Их-7 бүлгийн сангийн сайд нарын уулзалтын үеэр багагүй зэмлэл сонсжээ.
Францын сангийн сайд Бруно ле-Майрэ хэлэхдээ АНУ-аас импортын тарифаа өөрчлөхгүй бол ойрын хугацаанд худалдааны дайн дэгдэж болзошгүй гэв. Улмаар Их-7 бүлгийн сангийн сайд нар уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргалгүй тарсан байна. Гэхдээ дээрх асуудлыг ирэх амралтын өдрөөр Канадыг Кэбэк хотноо болох Их-7 бүлгийн төрийн тэргүүн нарын уулзалтаар дахин хэлэлцэх гэнэ.
Дональд Трамп гаалийн тарифыг нэмэгдүүлэх тухай анх гуравдугаар сард мэдэгдсэн боловч холбоотон орнуудаа хэлэлцээрийн хүрээнд түр чөлөөлсөн байв. Гэвч өнөөдрөөс эхлэн гангийн импортод 25 хувь, төмрийн 10 хувийн гаалийн татварын журам хэрэгжиж эхэлжээ. Канад, Мексик, Европын холбоо нийлээд 23 тэрбум ам.долларын өртөг бүхий төмөр, ганыг өнгөрсөн онд АНУ-руу экспортолжээ. Энэ нь АНУ-ын нийт төмөр, гангын импортын тал хувьтай тэнцэж байгаа аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА