Ардын намын аяганы алаг

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Ардын намын аяганы алаг

Хүүхдийн баяр угтсан хүүхдийн мөнгөний  хэрүүл өнгөрсөн Лхагва гаригт эцэслэгдэв.  Өнгөрсөн өдрүүдийн үйл явдлыг эргэн харахад айлын хүүхдээс 10 доллар харамласан Ардын засаг, айлын охиноор улстөржсөн Ардчилсан нам хоёр адилдаа адил, годилдоо годил харагдлаа.  Улс төр хийхийн тулд Ардын нам, Ардчилсан нам  хоёр хэн хэн нь муухай, аль аль нь адилхан шог байв.

УИХ өнгөрсөн Лхагва гаригийн чуулганаар  хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор баталлаа. Ингээд Ерөнхийлөгчийн өөдөөс МАН ахиад нэг “салаавч” өглөө гэж хэлж болно. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүхэнд 100 хувь олгох хуулийн төсөл санаачилж, УИХ-д оруулж ирсэн. Харин Засгийн газраас хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувиас 80 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Ингээд олонхын дэмжлэгээр хүүхдийн мөнгийг 80 хувьд олгож, үлдсэн 20 нь ээж аав нь ажил  хийдэг, тогтмол орлоготой, угаалгын машин, телевизортой гэсэн үндэслэлээр төрдөө “гадуурхагдав”.  Уг нь  хүүхэд болгон тэгш эрхтэй, хүнийг үндэс угсаа язгуур гарлаар нь ялгаварлахгүй гэж Үндсэн хуульдаа заасан байдаг л даа.

Айлын хүүхдэд 10 доллар өглөө гээд Монгол улсын төсөв хоосорчихгүй. Айлын хүүхдээс 10 доллар харамлалаа гээд Ардын засаг баяжихгүй. Тэр тусмаа эцэг эхийн орлого, амьдралын түвшингээр нь 20 хувийг нь ялгаж орхино гэдэг айлын хүүхдүүдийг алагчилсан үйлдэл бус уу.

2018 онд Халамжийн санд төсөвлөсөн 375 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж, насны хишиг, ‘Алдарт эх’-ийн одонтой эхчүүдийн тэтгэмж, “Цалинтай ээж” хөтөлбөр зэргийг санхүүжүүлэхээр баталсан бий. ‘Хүүхдийн мөнгө’-ийг нийт хүүхдийн 60 хувьд олгоход 684 мянган хүүхэд хамрагдаж, жилд 164 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол 80 хувь болгон нэмэгдүүлснээр 222 мянган хүүхэд нэмж хамрагдан, 205 тэрбум төгрөг төсөвлөхөөр болж байгаа аж. ‘Хүүхдийн мөнгөн тэтгэмж’-д хамрагдах босго оноог шинэчлэх, хүүхдүүдийг нэмж бүртгэх ажлыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллах юм байна. Мөн 228 мянга орчим хүүхдэд хорин мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс бодож, нөхөн олгох аж.

 Нэг үеэ бодвол эдийн засаг сэргэсэн, өсөлт нь 5.1 хувьтай гарсан, өр зээлээ төлсөн гэж МАН-ынхан өөрсдийгөө амаа олохгүй магтаж байгаа. Ардчилсан намын үетэй харьцуулах юм бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд багагүй мөнгө хөнгөлөлттэй зээлээр авсан, НӨАТ-ын шинэчлэлтийн үр дүнд татварын орлого нэмэгдсэн гээд Ардын намынхан мөнгөгүй гэж халаасаа тэмтрэх хэрэггүй байлаа, Хүүхдийн мөнгөн дээр. Дээр нь, Л.Элдэв-Очирын үг илүүдсэн.  Уг нь санаа зөв ч хүүхдийн мөнгө дээр түүний хэлсэн үг ёстой л “Баяраа өөрөө ширээн дээрээс ойччихсон” гэдэг болсон нь үнэн л дээ.  Харин замбараагүй халамжийг зогсоох, ажилгүйдлийг буруулах, иргэддээ засаг барьж өгөх биш загас барих аргыг нь заах ёстой гэсэн санаа нь бол зөв юм.

Хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг, архи аваад уучихдаг аав ээжүүд зөндөө бий. Гэхдээ ажил  хийдэг гэсэн үндэслэлээр нь хүүхдээс нь 10 доллар харамласан МАН-ын бодлого  Үндсэн хуулийн цэц дээр очоод унах шийдвэр мөн. Хүүхдийн мөнгөний гол зорилго нь хүн амын өсөлтийг дэмжих бодлого болохоос зөвхөн ядууст өгөх халамжийн мөнгө байгаагүй юм. Адууны алагаас аяганы алаг муухай гэж үгтэй юм шүү, Ардын намынхан минь.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж