Мянгат малчид, машины ченжүүдээс татвар авъя

Хуучирсан мэдээ: 2018.06.03-нд нийтлэгдсэн

Мянгат малчид, машины ченжүүдээс татвар авъя

Мянгат малчид, машины ченжүүдээс татвар авъя

Дөрвөн 10-ын хуулийг 2006 онд баталснаас хойш арван хоёр жилийн дараа татварын системд томоохон реформ хийхээр Засгийн газар хуулийн шинэчлэлтээ УИХ-д өргөн бариад байна. Энэ бол эдийн засгийн захиалга гэж хэлж болно. Татварын багц хуулийн шинэчлэлтийг дагаад 20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал энэ хаврын чуулганы хамгийн их анхаарал татсан, хүлээлт дагуулсан сэдэв болох нь тодорхой.

Татварын багц хуулиудаа шинэчилж, эдийн засагт реформ хийх, сүүдрийн эдийн засагт эргэлдэж буй төгрөг бүрийг тоолох асуудал гурван парламент дамжиж буй юм. Энэхүү шинэчлэлийн салхийг хагалж, АН-ын засгийн үед 16 жил гар хүрээгүй НӨАТ-ын хуулийг шинэчилсэн бол У.Хүрэлсүхийн засаг 12 жилийн дараа Татварын ерөнхий хуулийнг өөрчлөлтөөр эдийн засагт томоохон реформ хийхээр зориглолоо.

УИХ-аар хэлэлцэх хуулиудын жагсаалтад орсон татварын гурван том хуулийн нэг нь Хувь хүний орлогын албан татварын шинэчлэлт. Энэхүү шинэчлэлтийн хүрээнд борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс хэтрэхгүй бол жилд нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлөх асуудал жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд багагүй нэмэр болно гэж төсөл боловсруулагчид нь үзэж байна. Мөн бичил худалдаа эрхлэгчид тогтмол дүнгээр татвар төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, жижиг худалдаа, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийнхэн татварын тайлан гаргах, орлого, хасагдах зардлаа тооцох, татвар ногдуулах орлогоо тодорхойлоход хүндрэлтэй байдаг тул тэдгээрийн татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, тогтмол дүнгээр татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогын нэр төрөл, ангилал тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгосноор хуулийн хэрэгжилтийг нэг мөр, аливаа хийдэлгүй хангах боломж бүрдэж буйг Сангийн яамныхан онцлох болсон.

Татварын багц хуулийн шинэчлэлттэй холбоотойгоор Монголд огт татвар төлдөггүй малчид, уяачид, машины ченжүүд, Нарантуул захын наймаачдаас татвар авах асуудлыг хэрхэн зохицуулсан бэ гэдэг асуудал хөндөгдөж эхэлж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс шинэ төрлийн татвар бий болгохгүй, шинээр татвар нэмэхгүй гэсэн тайлбарыг өмнө нь өгсөн. Гэхдээ эдийн засаг, байгаль эколого талаасаа малчдаас татвар авах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Нарантуул, Да хүрээ, Хүчит шонхор, Улаанбаатар, Сандай зэрэг том зах дэлгүүрийн наймаачдаас  татвар авах цаг хэдийнэ болсон. Зарим нь  олсон жаахан цалин орлогоосоо татвараа төлөөд явж байхад зарим нь хэдэн арав, хэдэн зуун саяын орлогоосоо яагаад татвар төлж болохгүй вэ. Төгрөг бүрийг нэг бүрчлэн тоолохгүйгээр далд эдийн засгийг тойрсон хууль бус үзэгдэл амь бөхтэй оршсоор байна. Гээд төрөөсавах бүх үйлчилгээгээ ялгаварлалгүй авах нь  зөв үү.

Монгол Улс 66 сая толгой малтай. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хамгийн эхлээд малчдаас, ялангуяа мянгат малчдаас татвар авах цаг болсон. Жил бүр улсын төсвөөс олон тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжилд зарцуулдаг. Тэгвэл улсын төсвөөс гарч байгаа олон зуун тэрбум төгрөгийг орон нутгаас нь гаргуулах бүрэн боломжтой. Нэг үеэ бодвол Монголын малын тоо толгой өсч, монгол малчид баяжсан. Чухамдаа 500 мянган төгрөгийн цалинтай багш, сувилагч болон  мянгат малчны орлого, амьдралын төвшин тэнгэр газар шиг ялгаатай болсон нь худлаа биш. Гэвч багш нь татвар төлнө, мянгат малчин төлөхгүй. Үүнийг татварын шударга тогтолцоо гэж хэлэхэд хэцүү.

Нөгөө талаар далд эдийн засагт эргэлдэж байгаа асар их хөрөнгийг ил болгохгүй бол сүүдрийн эдийн засаг улам томорно. Морины наймаа, машины худалдаа, мянган малчдын хөрөнгө бол далд эдийн засаг гэж хэлчихэд бараг буруудахгүй биз. Учир нь тэд төрд сохор зоос ч төлдөггүй. Харин төрөөс олгож буй тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчилгээ бүхнийг эдэлдэг. Өвөлд өвснийх нь үнийг  төр бүр хямдруулна, үнэгүй тараана. Ямаанд нь тэтгэмж өгнө. Татвар төлөгчдийн мөнгийг татвар огт төлдөггүй мянгат малчдад цацах нь үнэндээ шударга бус тогтолцоо. Энэ тогтолцоонд ямар реформ хийгдсэн бэ гэдэг Ч.Хүрэлбаатар тавигдах ёстой нэг асуулт мөн үү мөн.

Өөрөөр хэлбэл, Монголд байгаа нөөц бололцоогоо хэрхэн ашиглах вэ, татварын ямар шинэ бодлого боловсруулах нь Сангийн яамны үүрэг. Үнэндээ малчид, ченжүүдээс татвар авахад улсын орлогод ч нэмэртэй. Тухайлбал, 66 сая толгой малаас 1000 төгрөгийн татвар авахад 66 тэрбум төгрөг улсын орлогод төвлөрнө. Энэ мөнгөөр орон нутгийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, улаан булангийн асуудлыг нь зохицуулж болмоор.  Нөгөө талаар сүүлийн үед байгаль экологийн том асуудал болсон цөлжилтийн асуудлыг малчдаас  авах татвараар нь шийдмээр байна. Ялангуяа  байгаль экологид сөргөөр нөлөөлдөг ямааны тоо толгойг бууруулахад анхаарахгүй бол Монголы тал хээр нутаг цөл болоод дуусч магадгүй эрдэмтэд ч сануулсаар байгаа юм. Тэгэхээр эдийн засагт хийх татварын реформоор яригдах нэг асуудал нь шударгаар татвараа төлж явааг нь мөлжөөд огт татвар төлдөггүй, далд эдийн засгийг хөгжүүлэгчид ээ ил цагаан дэмжсээр байх уу гэх асуулт юм.  Гэвч, парламент мянгат малчид олонтой, дээр нь ихэнх нь хөдөөгөөс сонгогдсон гишүүд учраас УИХ-аас ийм эр зориг гарч чадах нь ч эргэлзээтэй юм.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж