Мэргэжлийн талбайн теннисийн 2018 оны хоёрдахь “Их Дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парис хотод зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн ням гаригт эхэлсэн уг тэмцээнд энэ цагийн дэлхийн шилдэг теннисчид цуглараад байгаа билээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын алдартнууд дөрөвдүгээр тойрогт шалгарлаа.
Серена Уильямс Чех, Австрали, Германы теннисчдийг хожиж, шилдэг 16-д үлдсэн юм. Тэгвэл ОХУ-ын Мария Шарапова Нидерланд, Хорватын теннисчинг хожоод байсан. Өчигдөр тус тэмцээнд зургаад эрэмбэлэгдэн тоглосон Чехийн Ка. Плишковаг 6:2, 6:1-ээр буулган авлаа.
Францын нээлттэй тэмцээнийг эхлэхээс өмнө олны анхааралд байсан Серена, Шарапова нар эхний гурван давааг амжилттай давж, дөрөвдүгээр тойрогт оноолт таарлаа.
Энэ жил 36 настай Серена өнгөрсөн онд охинтой болсон бөгөөд ийнхүү дахин талбайд гараад байгаа нь энэ юм. Тэгвэл 31 настай Шарапова сэргээшийн асуудлаас болж “Рио 2016” олимпийн наадамд орж чадалгүй шийтгэл авсан юм. Тэтгэвэртээ гарах болоогүй гэдгээ харуулсаар байгаа Серена, Шарапова нарын алдартнууд Парист хүссэн тоглолтоо хийж, дөрөвдүгээр тойрогт оноолт таарлаа. Тэдний тоглолт маргааш болох бөгөөд хожсон нь шөвгийн наймд үлдэнэ. Парист эхэлсэн энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн зургадугаар сарын 10-ны өдөр өндөрлөнө.