Монгол Улсад Банкны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баяр өнөөдөр /2018.06.02/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан таван сарын хугацаанд улс орон даяар хэрэгжүүлсэн ‘Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян’-ы хаалтын үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээ Сүхбаатарын талбайд 12.00 цагт эхэлж арилжааны 14 банк, бусад санхүүгийн байгууллагууд оролцон үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулав.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж үг хэллээ. Тэрбээр “Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах цоо шинэ эрх зүйн орчинг бүрдүүлэхэд таван сарын хугацаан дах хийсэн ажлын үр дүнгээ танилцуулж байна. Хурдацтай хөгжиж буй санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал бол санхүүгийн системийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал үүрэгтэй. Тийм учраас Монголбанкнаас санаачлан санхүүгийн салбар дах төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч тус аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Аяны хүрээнд санхүүгийн зах зээлд анхлан оролцож байгаа 18 буюу түүнээс дээш насны иргэд, харилцагчид, санхүүгийн мэргэжилтнүүдэд сар бүр өөр сэдвийн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгууллаа. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд санал болгож буй бүтээгдэхүүн, хүртэж болох ашиг, үүсч болох эрсдэл, бусад нөхцөлийг бодитой ойлгомжтой мэдээлэх сонголт хийх боломж олгох, санал гомдлыг шуурхай шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ. Таван сарын хугацаанд Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” хуулийн төслийг боловсруулж ажилласан явдал нь энэ аяныг хэрэгжүүлэх томоохон зорилго байсан юм” гэв.
Тус аяны хүрээнд арилжааны 14 банк иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна.
Э.Ариун