Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны ялагчид өчигдөр Төрийн ордонд зочиллоо.
Энэхүү аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд улс даяарх 180 гаруй Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа 6-18 насны хүүхдүүдээс 10516 захидал, 1268 гар зураг ирснээс Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд шилдэг зураг, захидал нийлсэн 100 орчим бүтээлийг дэлгэн танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг бүтээлээрээ шалгарсан хүүхдүүдийн бүтээлтэй танилцаж, тэдэнтэй дурсгалын зураг татуулж, бэлэг гардууллаа.
Энэ бүтээлээр дамжуулан улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө бүтээлч санал, санаачилга, хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн гэдгийг олон хүүхэд хэлж байв. Улсын хэмжээнд зарлагдсан аяны хүрээнд нийт 11784 захидал, гар зураг ирснээс давхардсан утгаараа:
- 5 хувь нь тусламж, дэмжлэг хүссэн
- 20 хувь нь сургууль, орон нутгийнхаа хөгжил, тохижилтын асуудлыг хөндсөн
- 25 хувь нь хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн
- 15 хувь нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн
- 20 хувь нь хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг
- 20 хувь нь улс орны хөгжилд нэмэр болохуйц шинэ санаа, санаачилга дэвшүүлсэн байна.
“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны ялагчид болох хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо. Анх удаа улсын хэмжээнд зохиогдсон улсын уралдаанд Баян-Өлгий, Ховд, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын сургуулийн сурагчид бүтээлээрээ шилдэгт багтсан байна. Ингээд тэдний төлөөлөл болсон сурагчдын яриаг хүргэе.
МОНГОЛ БИЧГИЙН БИЙРЭН ТӨРЛӨӨР БИЧИЖ СУРСАН
А.Эрхэмбилэг (СБД, 71-р сургуулийн 10а ангийн сурагч)
Би монгол бичгээр долдугаар ангиасаа эхлэн бичиж сурсан. Бийрэн бичгийн төрлөөр бичиж сураад дөрвөн жил болж байна. Үндэсний бичиг соёлоо дээдлэх үүднээс Ерөнхийлөгчид монгол бичгээр захидлаа бичсэн. Би гэр хорооллын алслдагдсан хороололд амьдарч сургуулийн орчныг хөндлөө. Өмнө нь захидлын уралдаанд 1-2 удаа оролцож байсан. Энэ удаа хүүхдийн баярын өдрөөр Төрийн ордонд орж, Ерөнхийлөгчтэй уулзана гэж бодсонгүй. Үнэхээр баяртай байна.
НИЙГМИЙН АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦДОГ
Г.НОМИН-ЭРДЭНЭ (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, 12-р анги төгсөгч)
Би зохион бичлэгтээ хүүхдийн эрхийн талаар хөндөж бичсэн. Мөн сумынхаа сургуулийн тухай бас дурдсан байгаа. Манай сум Монгол улсын алслагдсан сумын нэг. Аймгийн төв явахаасаа илүү урд хөрш болох Хятад улс руу их явна. Тиймээс хөндөх сэдэв их бий. Энэ уралдааныг сонсоод үнэхээр их баярлаж байсан. Яагаад гэхээр сэдэв нь их амар. Би өмнө нь аймгийн хэмжээнд зохиогддог эссэ бичлэгийн уралдаанд оролцож байсан. Надад нийгмийн чиглэлийн хичээл сонирхолтой санагддаг. Тиймээс цаашид нийгмийн ажилд идэвхтэй оролцож, олон улсын харилцааны чиглэлээр суралцана гэж бодож байгаа. Энэ жил дунд сургуулиа төгсөж байгаа болохоор надад их урам өглөө. Үнэхээр сэтгэл өндөр байна. Мөн хүссэн сургуульдаа орно гэж их билэгшээж байна.
СУМЫНХАА УУЛ УУРХАЙН ТАЛААР ЗУРАГТАА ДҮРСЭЛСЭН
Э.ЭНХТУЛГА (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, 12 анги төгсөгч)
Би зураг зурах дуртай. Олон ч удаа уралдаанд оролцож байсан. Энэ удаа сумынхаа уул уурхайн талаарх сэдвийг хөндлөө. Бидний авсан мэдээллээр 33 уурхайн лиценз байгаа гэсэн. “Эрдэнэцагаан сум үхлийн ирмэгт” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр маш их тарж байна. Үүнийг зохицуулах арга хэмжээ байна уу гэдэг санааг зургаар харуулсан. Улсын төрөлжсөн олимпиадад оролцож байсан. Энэ удаа Ерөнхийлөгчид захидал бичих аяндаа сумаасаа бүр ангийн охинтойгоо хамт шалгарлаа. Төрийн ордонд ороод их зүйлийг мэдэж авлаа. Үнэхээр сайхан байна. Дунд сургуулиа төгсөж байгаа миний хувьд маш том шагнал боллоо.
ОЛОН МЯНГАН ХҮҮХДЭЭС ШАЛГАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
Ж.ТӨГӨЛДӨР (107-р сургууль, 7-р анги төгсөгч)
Секундэнд гурван хүн өлсгөлөнгөөр үхэж байна. Би энэ удаа дэлхийн нийтийн тулгамдсан асуудлын нэг болсон өлсгөлөнгийн талаар хөндөж зурлаа. Бүтээлдээ хог түүж байгаа хүүхдийг харуулсан. Би дизайны дугуйланд хоёр жил явсан. Дархан аймагт болсон техник технологийн улсын олимпиадад оролцож хүрэл медаль авсан. Өнөөдөр сэтгэл өндөр байна. Олон мянган хүүхдээс шалгарсандаа баяртай байна.
ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ ТОГЛОХ ОРЧИНГ ЗУРГААР ХАРУУЛСАН
Х.ХҮСЛЭН (Дорнод аймаг, 12-р сургуулийн 9а ангийг төгсөгч)
Би зураг зурах сонирхолтой. Энэ удаа хүүхдийн аюулгүй тоглох орчинг уран зургаараа дүрсэлсэн. Хүүхдийн баярын өдрөөр “Ерөнхийлөгчид хүргэх миний үг аян”-д нэгдэж зургаараа шалгарлаа. 6-р ангиасаа эхлэн зурж эхэлсэн. Үнэхээр их баяртай байна. Одоо олон улсын зургийн уралдаанд бэлдэж байгаа. Гэхдээ сэдэв нь ирээгүй. Энэ уралдаан ирэх 11 сард болно. Багш маань намайг энэ уралдаанд оролцох хэрэгтэй гэж зөвлөсөн.
БИЧЛЭГТЭЭ СУРГУУЛИЙН ОЙР БАЙГАА ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХӨНДСӨН
Л.ТҮВШИНЖАРГАЛ (“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч)
Би зохион бичлэгээр оролцсон. Бидний ойр орчимд тулгамдаж байгаа асуудлыг бүтээлдээ хөндсөн. Сургуулиас гараад явахад зам маш хэцүү болсон. Явган хүний зам их хүндрэлтэй хэвээр байна. Машины зогсоол байдаггүй болохоор явган хүний зам дээр машин тавих тохиолдол их гардаг. Өвлийн улиралд их хүнд. Хаврын цагт муухай үнэр их гарна. Мөн сургуулийн эргэн тойронд жижиг дэлгүүр ажиллаж, хугацаа нь дууссан болон чанарыг баталгаагүй бүтээгдэхүүн борлуулж байна. Мэргэжлийн хяналт энэ тал дээр сайн ажиллаасай гэдэг үүднээс энэ сэдвийг хөндөж бичлээ. Би бичлэгийн уралдаанд оролцож байгаагүй. Анх удаа улсын хэмжээнд зарласан уралдаанд оролцож, Ерөнхийлөгчтэй уулзах боломж олдлоо. Төрийн ордонд анх удаа орлоо. Зургадугаар сарын 1-ий өдөр дахин давтагдашгүй. Энэ бол ганц зүйл. Үнэхээр гоё байна.
ГАДААДАД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО ИРЭХ ХЭРЭГТЭЙ
Б.ТОГТУУНСУВД (Ховд аймаг, 11-р ангийн төгсөгч)
Би Ховд аймгаас ирлээ. Монгол улсаа хөгжүүлэхэд юу хэрэгтэй вэ гэдэг санааг зохион бичлэгтээ бичсэн. Хүрээлэн буй, соёл, эрүүл мэнд гээд аль байж болох талаас нь харууллаа. Гэхдээ би эх орноо хөгжүүлэхэд тухайн хүний сэтгэлгээг хөндсөн. Монголчууд сэтгэлгээний ядууралд оржээ. Үүнийг яаж даван туулах вэ? Мөн залуу боловсон хүчнүүдээ гадаадад алдаж байна. Олон улсад өндөр боловсрол эзэмшсэн залуучуудаа гадны оронд алдаж байгаа талаар бичлээ. Энэ хоёрыг нийлүүлж сайн ажиллаж чадвал Монгол улс хөгжинө гэдгийг өөрийн зохион бичлэгтээ хөндсөн. Би өмнө нь захидлын уралдаанд цөөн оролцож байсан. Энэ удаа Ерөнхийлөгчид бичих захидлын уралдааныг сонсоод шууд оролцохоор шийдсэн. Би хими, биологийн хичээлийг сонгосон. Анагаахын чиглэлээр суралцах сонирхолтой. Ирэх намар 12-р ангид орно.
ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ХҮМҮҮС АНХААРААСАЙ
Б.БЕГАРЫС (Баян-Өлгий аймаг, 11-р ангийн төгсөгч)
Хүмүүсийн буруугаас болж цөлжилт их боллоо. Дэлхийн дулааралтай хамааралтай зураг зурж, бас зохион бичлэг бичсэн. Хүмүүсийг энэ сэдвийг анхаараасай гэж бодож байна. Цаст уул хайлж, өмнө нь байсан уул, ус, мөрөн устаж алга болж байна. Манай нутаг их өвөрмөц онцлогтой. Би бүргэд бариагүй. Гэхдээ бага байхдаа очиж байсан гол мөрөн ширгэхийг харлаа. Энэ нь дэлхийн дулаарлаас болж байгааг их сайн ойлгож байна. Тиймээс Ерөнхийлөгчид хүргэх захидалдаа энэ сэдвийг онцлон харуулсан. Би өмнө нь зургийн уралдаанд олон удаа оролцож байсан. Иженерийн мэргэжлээр суралцана.
ХҮҮХДЭД ХЭРЭГТЭЙ ЗӨВ КОНТЕНТУУДЫГ БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ
М.НАМУУН (ХУД, 118-р сургуулийн 7-р ангийн төгсөгч)
Би өсвөр насны хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг захидалдаа бичсэн. Онцгойлон хэлэхэд, хүүхдийг буруу зүйлд хөтлөх арга зам бол сошиал болон телевизээр гарч байгаа буруу мэдээлэл байдаг. Зарим нэвтрүүлэг, киног хянаад гаргах болохгүй байхыг төр засаг анхааралдаа аваачээ гэдэг санааг бичсэн. Хүүхдэд хэрэгтэй, зөв сайн кино, нэвтрүүлэг контентуудыг гаргаасай гэдгийг онцолсон. Би уран зохиол, монгол хэл, бичгийн хичээлд илүү сонирхолтой. Тиймээс зохион бичлэг бичих дуртай. Монгол бичгээр бийрэн бичлэгээр улам сайн бичих гэж хичээж байгаа. Дуртай зүйлээрээ илүү сайн суралцаж байгаа нь надад их урам зориг өгдөг. Энэ уралдаанд ингэж сайн оролцоно гэж бодсонгүй. Үнэхээр их баяртай байна. Цаашдаа өөрийгөө улам сайн хөгжүүлнэ. Мөн энэ уралдаанд олон хүүхэд оролцож, мөрөөдлөө биелүүлж байгаарай.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БААТРУУДТАЙ ХАМТ ЗУРСАН
ГАНТ (“Номт нахиа” сургуулийн 1-р ангийн төгсөгч)
Ерөнхийлөгчийг хамгийн мундаг болохоор нь зургаар дүрсэлсэн. Х.Баттулга ерөнхийлөгчийг баатруудтай хамт зурсан байгаа. Би зураг зурах дуртай. Манай сургуулиас зураг, зохион бичлэгийн уралдаанд оролцоорой гэж хэлсэн. Уралдаанд оролцмоор байна гэдгээ аав, ээждээ хэлж, зургаа зурсан. Тэгээд зургаа хоёр цаг орчим зурсан. Гэхдээ өнөөдөр ах, эгч нартай хамт Төрийн ордонд орно гэж бодсонгүй. Хүүхдийн баярын өдрөөр гоё баярлаж байна.
ТӨРИЙН ОРДОНД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАНА ГЭЖ БОДООГҮЙ
Г.ТЭМҮҮЛЭН (СХД, 12-р сургуулийн 8-р ангийн төгсөгч)
Би зураг зурах дуртай. Зургийн уралдааны талаар их сонсож байсан ч оролцож байгаагүй. Би хөлбөмбөгт дуртай. Одоо тэмцээнд оролцох гээд бэлтгэж байгаа болохоор анхаарал хандуулж чадахгүй байсан. Тэгсэн хүүхдийн баярыг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг аян”-ыг сонсоод зургаараа оролцохыг хүссэн. Би зургийн санаагаа гурав хоног бодож хоёр зураг зурсан. Зургандаа усны бохирдол болон мод тайралтын талаар хөндсөн. Хүүхдийн баярын өдрөөр Төрийн ордонд Ерөнхийлөгчтэй уулзана гэж бодоогүй. Манай ээж рүү “6.1-д бэлэн байлгаарай” гэж хэлсэн гэсэн. Намайг орой хичээлээс ирэхэд ээж бөөн баяр хөөртэй угтсан. Энэ өдөр миний хамгийн аз жаргалтай өдрийн нэг байлаа. Цаашид өөрийгөө улам сайн дайчлах болно. Мөн хөлбөмбөгийн бэлтгэлээ хийнэ. Удахгүй манай баг тэмцээнд оролцоно. Энэ уралдаанаас их урам зориг авлаа. Мөн хүүхдүүдэд өөрийгөө битгий голж байгаарай, дуртай зүйлээ хийгээд амжилтад хүрээрэй гэж хэлмээр байна.
ОЛОН МЯНГАН ХҮҮХДИЙГ ТӨЛӨӨЛӨН ҮГ ХЭЛНЭ ГЭЖ БОДСОНГҮЙ
Х.БУЛГАНСОР (Өвөрхангай аймгийн Арвайхээр, 1-р сургуулийн 12-р ангийн төгсөгч)
Миний сонгосон мэргэжил бол эрүүл мэнд, анагаахын чиглэл байгаа. Эрүүл монгол хүн байж цаашид улс орноо хөгжүүлэх ёстой. Тийм учраас бид эхлээд эрүүл байх хэрэгтэй. Түүний дараа нөөц бололцоог өөртөө бий болгоно гэдгийг зохион бичлэгтээ бичсэн. Улс орны хөгжлийг бид цогцлоодог юм шиг боддог ч үнэндээ улсын хөгжлөөс бидний ирээдүй харагддаг болов уу. Тийм учраас бидэнд хэрэгтэй ямар зүйл байна. Тэр бүгдийг хангаад өгчих юм бол ирээдүй хойчоо аваад явахад бэлэн байна. Надад энэ уралдаан маш том боломжийг олгож байна. Би 2017 онд “Сайн хөрш” төрийн бус байгууллагаас зарласан уралдаанд “Би эрүүл аюулгүй орчинд суралцах хэрэгтэй” эссэ бичлэгийн уралдаанд оролцож, тусгай байр эзэлж байсан. Энэ уралдаан миний хувьд хоёр дахь улсын хэмжээний том уралдаан байлаа. Гэхдээ зохион бичлэг бичихэд судалгаа, баримт хэрэггүй байсан. Надад их ойр, богино хугацаанд ч бичлэгээ гаргасан. Хамгийн гол нь өөрийн санаа бодлоо бусдад хүргэж байгаагаараа давуу талтай байлаа. Үнэндээ олон мянган хүүхдээс шалгаран гэж бодсонгүй. Тэр дундаа үг хэлэх боломжийг олгосонд үнэхээр их баярласан. Намайг үг хэлэх болсон шүү бэлдээрэй гэхээр нь сандарсан. Гэхдээ энэ том хариуцлагыг надад олгосонд үнэхээр их талархаж байна. Би Т.Баярмаа багштай 12-р ангийг төгсөж байгаа. Мөн хүссэн сургуульдаа орох гээд бэлтгэж байна. Гэтэл энэ үед Ерөнхийөгчтэй уулзлаа. Миний хувьд их том билэгдэлтэй зүйл болж байна. Энэ жилийн хүүхдийн баяр надад болон бусад олон хүүхдэд сайхан сэтгэгдэл үлдээлээ.