Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын төв хорооны дэд дарга, генерал Ким Ён Чолыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт /2018.06.01/ Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Энэ нь Хойд Солонгосын өндөр дээд хэмжээний төлөөлөгч 2000 оноос хойш анх удаа Цагаан ордонд айлчилж байгаа тохиолдол гэнэ. Урьд нь Маршал Жо Меонг Рок АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтонтой уулзаж байсан юм байна.
Генерал Ким Ён Чол өөрийн орны удирдагч Ким Жон Уны захиаг Цагаан ордны тэргүүнд гардуулж өгсөн юм. Ерөнхийлөгч Д.Трамп уг захидлыг маш сонирхолтой байсан гэж хэлсэн ч дараа нь би хараахан задлаагүй байгаа хэмээн захианы агуулгыг нууцлав.
Энэхүү уулзалтын төгсгөлд зургадугаар сарын 12-нд хоёр удирдагчдын хооронд яриа хэлэлцээ хэвээр үргэлжлэх нь тодорхой боллоо. Гэсэн ч Д.Трамп нэг удаагийн уулзалтаар бүх асуудал шийдвэрлэгдэхгүй, удаа дараагийн уулзалтын үр дүнд бид хүссэн үр дүндээ хүрнэ гэв. Яг энэ үеэр АНУ-ын албаны төлөөлөгчид Хойд Солонгосын цэрэггүй бүст уулзалтын бэлтгэл ажлыг ханган баримт бичиг боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа бол Сингапурт логистикийн баг уулзалтын маршрут, зохион байгуулалтын асуудлаар ажиллаж байгаа юм.
Ө.БАЯРЗУЛ
Эх сурвалж: CNN