Мароккогийн шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.06.02-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Мароккогийн шигшээ баг

Мароккогийн шигшээ баг

“Орос-2018” хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 12 хоног үлдлээ. Мэдээллийн NEWS агентлаг ДАШТ-нд оролцох 32 улсын шигшээ багийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Африк тивийн төлөөлөл Марокко улсын шигшээ багийг танилцуулж байна.


МАРОККОГИЙН ШИГШЭЭ БАГ

  • Дасгалжуулагч: Эрве Ренар
  • Шигшээ багийн ахлагч: Мехди Бенатиа
  • Шигшээ багтайгаа хамгийн олон тоглосон: Абделмажид Долми 142 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Ахмед Фарас 42 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 5 сарын байдлаар 42
  • ДАШТ-нд оролцсон байдал: 1970, 1986, 1994, 1998 онуудад оролцсон
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1986 он хасагдах шатанд шалгарсан

Орос хүрэх замд:

Африк тивийн сонгон шалгаруулалт 2015 оны аравдугаар сард эхлэх үед Мароккогийн шигшээ багийг Э.Баду удирдаж байсан. Гэхдээ Э.Баду шигшээ багаа удирдан хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтанд Экваторын Гвинейг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-1 харьцаатай хожиж гуравдугаар шатны эрхийг авсан. Гуравдугаар шатнаас Франц мэргэжилтэн Э.Ренар Мароккогийн шигшээ багийг удирдан Кот д’Ивуар, Габон болон Мали улсын шигшээ багуудтай С хэсэгт багтан хэсгээ тэргүүлсэн. Мароккогийн шигшээ С хэсэгтээ төдийгүй Африкийн гуравдугаар шатны сонгон шалгаруулалтын “марафон”-д хаалгандаа ганц ч гоол алдаагүй бөгөөд эсрэг багийнхаа хаалганд 11 гоол хийж гурван хожил, гурван тэнцээтэй хэсгээ тэргүүлж Орос явах эрхтэй болсон.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Франц мэргэжилтэн Э.Ренар тавдугаар сарын 17-нд дэлхийн аваргад оролцох 23 тоглогчоо зарлаад байна. Ерөнхийдөө шигшээ багийнхаа гол гол тоглогчдыг бүгдийг нь дуудсан.

  • Хаалгач: М.Мохамеди (Испаний Нумансия), Я.Буну (Испаний Жирона), А.Таньяути (Иттихад Танжер)
  • Хамгаалагч: М.Бенатиа (Италийн Ювентус), Х.Мендиль (Францын Лилль), Р.Саисс (Английн Волверхэмптон Уондререрс), А.Хаками (Испаний Реал Мадрид), Н.Дирар (Туркийн Фенербахче), Мануэл да Кошта (Туркийн Стамбул Башакшехир), Б.Банун (Ража Касабланка)
  • Хагас хамгаалагч: К.аль-Ахмади, С.Амрабат (хоюулаа Нидерландын Фейеноорд), Х.Зийех (Нидерландын Аякс), Н.Амрабат (Испаний Леганс), Ф.Фажр (Испаний Хетафе), А.Арит (Германы Шальке04), Ю.Айт-Беннарссер (Францын Канн), Ю.Беланда (Туркийн Галатасарай), М.Карсела-Гонсалес (Бельгийн Стандарт Льеж), М.Буссуфа (АНЭУ-ын Аль-Жазира)
  • Довтлогч: А.Бухаддуз (Германы Санкт-Паули), Х.Бутаиб (Туркийн Йени Малатьяспор), А.эль-Кааби (Ренессанс Беркан)

ДАШТ-ний хэсэг:

B хэсэгт Испани, Португал болон Ираны багтай нэг хэсэгт багтсан. Хэсгийн эхний тоглолтоо Ираны эсрэг хийх бөгөөд дараа нь Португал, Испаний шигшээ багтай тоглоно. Магадгүй оноо авахын төлөө тоглох байх. Испани, Португал хоёрын хувьд Мароккогийн шигшээд боломж өгөхгүй л болов уу.

Түлхүүр тоглогч:

Мароккогийн шигшээ багт онцлох хэд хэдэн тоглогч бий. Италийн Ювентус клубт тоглодог шигшээ багийн ахлагч М.Бенатиа, Нидерландын лигийн энэ улирлын шилдэг тоглогч Аякс клубын Х.Зийех, довтлогч Аюб эль-Кааби нарын шилдэг тоглогчдыг нэрлэж болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж