Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.6.1/ “Өнөр бүл”, “Эрдэм” асрамж халамжийн хүүхдүүдтэй уулзаж, “Хүүхэд хамгааллын даатгал”-ын батламж гардууллаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Номин даатгал” компанитай хамтран “Хүүхэд хамгааллын даатгал” бий болгож байгаа бөгөөд эхний ээлжид эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7000-9000 хүүхдийг уг даатгалд төрөөс хамруулахаар болжээ.
“Хүүхэд хамгааллын даатгал”-ын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн осол болон үл хайхралт, хүчирхийлэл зэрэг эрсдэл тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллагаар төлүүлэх боломжтой юм.
Уулзалтын үеэр “Номин даатгал”-ын менежер М.Солонго “Номин даатгал” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 0-18 насны хүүхдэд зориулан олон төрлийн эрсдэлээс нэг дор хамгаалах хүүхдийн даатгалыг зах зээлд нэвтрүүлээд байна. Энэ бүтээгдэхүүнээрээ бид хүүхдэд учирч болох бүх л эрсдэлийн улмаас үүссэн хохирлыг нөхөн олгох үүрэг хүлээж байгаа. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө нийгмийн бүхий л хэсэгт анхаарч, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд, сургуулиуд хүүхдийн төлөө дорвитой алхам хийж байгаад баяртай байна. Хүүхэд бүхэн айх аюулгүй ирээдүйгээ итгэлтэйгээр харж, сурах хөгжих зам нь гэрэл гэгээтэй байх нь бидний чин сэтгэлийн хүсэл билээ” гэлээ.
Р.Ренчиндулам