Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье аян эхэллээ

Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье аян эхэллээ

Өнөөдөр Монгол орон даяар Хүүхдийн баярын өдрийг “ХҮҮХЭД –ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” уриан дор хоёр дах жилдээ тэмдэглэж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн баяр”-ын өдөр “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” аяныг орон даяар эхлүүлж байна.

Энэхүү аяны нээлтэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн дарга О.Алтансүх, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Ийверт нар оролцлоо.

Аяныг нээж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ “Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа Хүүхдийн баярын мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь авч үзэж бодлого, эрхзүйн томоохон шинэчлэлүүд хийснийг дурдахад таатай байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг батлуулан 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар бид ажиллаж байна. Олон хүүхэд төрүүлж, өсгөн гэдэг амаргүй хэрэг. Тийм учраас Засгийн газраас олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийг нь бодитой үнэлэх олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ жилээс эхлэн бид олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нарын хөдөлмөрийг бодитой үнэлүүлэхээр хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ээж нарт сар тутам мөнгөн тэтгэмж олгодог хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Даяаршиж буй нийгэмд монгол хүүхдүүд дэлхий дахинд өөрийн оюун ухаан, ур чадвараараа гайхагдсан хариуцлагатай, хүмүүжилтэй, бүтээлч иргэн болж төлөвшихөд нийгмийн анхдагч орчин болсон гэр бүл, эцэг эхчүүдийн зөв харилцаа хандлага, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга үр дүнтэй нөлөө үзүүлж буйг эрдэмтэд судалгаанд тулгуурлан харуулсаар байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүүхэд хүмүүжүүлэх чиг хандлагад “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”-ын тухай ойлголт төлөвшөөгүй, эцэг эхчүүдийн энэхүү аргыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулаагүйгээс эцэг, эхчүүд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх нь түгээмэл байсаар байна. Иймд хүүхдийн эсрэг бие махбодийн шийтгэлийг зогсоох, ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан орон даяар “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг эхлүүлж байна” гэв.

Энэхүү аян нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, тохиолдол бүрийг мэдээлэх, тусламж үйлчилгээнд хүргэх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хэвшүүлэх зорилготой юм. 

Мөн “Хүүхдийн баяр”-ын өдөр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн 21 ээжид “Алдарт эхийн II одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Түүнчлэн энэ жил Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жилийн ойн баяр тохиож байна. Ойн хүрээнд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолбороос зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийг сурталчлах, гарын авлага, сургалт, зөвлөгөө мэдээлэл өгөх, төөрсөн хүүхдийг бүртгэх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх “ГБХЗХГ-ын асар” Сүхбаатарын талбайд ажиллалаа.

Тус асарт “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалт, залуу гэр бүлд зориулан “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгуулсан юм. Мөн сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Мөн “Хүүхдийн баяр”-ын өдөр “Хүүхдийн тусламжийн утас-108”, “Түр хамгаалах байр”-ны асар ажиллаж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Р.РЕНЧИНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж