Хөөр баяр цалгисан төв талбай

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

Хөөр баяр цалгисан төв талбай

Хөөр баяр цалгисан төв талбай

Нийслэлийн төв талбайд өнгө өнгийн хувцсаар гоёсон бяцхан ханхүү, гүнж нар аав, ээжийнхээ гараас хөтлөн алхана. Бас болоогүй ээ, дуртай амттанаа бялууртал идэж, нүүр гараа халтартуулжээ. Зарим нь хайртай баатраа нүүрэндээ зуруулаад, өөрийгөө баатар болсон мэтээр төсөөлөн эрхэмсэг алхана. Тэд эрхээ эдэлж, дураараа баярлаж буй нь энэ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ Сүхбаатарын талбайд яг одоо болж байна. Баяраа тэмдэглэж яваа бяцхан иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Цэцгэнд дуртай болохоор цэцэг зуруулсан

Найман настай Б.Насанбүтэдмаа

-Намайг Б.Насанбүтэдмаа гэдэг. Би найман настай. Би Завхан аймагт төрөөд хоёр настайгаасаа хотод амьдарч байгаа. Хүүхдийн баярыг олон удаа тэмдэглэсэн. Хүүхдийн баяраар аав, ээжээрээ дуртай зүйлээ авхуулдаг. Бас цэцгэнд дуртай болохоор нүүрэн дээрээ цэцэг зуруулсан. 

Хүүхдүүдээ баярлуулах гэж Ховд аймгаас хотод ирлээ

Ховд аймгийн иргэн Д.Оюунцэцэг

-Би хүү, охин төрүүлсэн. Тэд маань ээж, аав болоод би олон ач, зээтэй болсон. Манайх Ховдод амьдардаг ч хоёр ач маань ээж, аавын хамт энд байдаг юм. Тиймээс хүүхдүүдээ баярлуулах гэж ач, зээ нараа аваад хотод ирлээ. Талбай дээр ирж тоглолт үзлээ. Өчигдөр паркm хүүхдүүдээ тоглуулсан. Одоо “Хөх хулганын ордон” орж хүүхдүүдээ тоглуулна.

17.00 цаг хүртэл ажиллаад түүнээс хойш өөрөө баярлана

Мэйк-ап артист М.Энхжин

Үйлчлүүлэгчид олонтой байгаа хэсгийн нэг болох мэйк-ап хийж буй хэсэгт очиж, мэйк-ап артист М.Энхжингийн сэтгэгдлийг сонслоо. 

-Охид цэцэг, эрвээхий зуруулж байна. Хөвгүүд бэтмен, хүн аалз ихэвчлэн зуруулж байна. Ирээд удаагүй байгаа ч үйлчлүүлэгчээр тасарсангүй. Нүүрэнд тогтоцтой, зориулалтын акрилкан будаг ашиглаж байгаа тул ямар ч эрсдэлгүй. Мөн угаахад асуудалгүй арилна. Миний хувьд багаасаа зураг зурсан. Энэ жил сургуулиа төгсөөд архитектурч болохоор сурна. Удахгүй хүүхдийн баяраас “хасагдах” тул 17.00 цаг хүртэл энэ ажлаа хийгээд түүнээс хойш өөрөө баярлана.

Цагдаагийн 587 алба хаагч ажиллаж байгаа

Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Энхбаясгалан

Олны хөлийн газар хүүхэд эцэг, эхээсээ төөрөх эрсдэлтэй энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Энхбаясгалангаас тодрууллаа.  

-Хүүхдийн баяраар нийслэлд цагдаагийн 587 алба хаагч ажиллаж байгаа. Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг гэмт хэрэг болон төөрөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдэд эцэг, эхийнх нь утасны дугаартай бугуйвч зүүж өгч байгаа. Одоогоор 10 хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байсны наймыг нь эцэг, эхэд нь хүлээлгэн өглөө. Хоёрыг нь хүлээлгэж өгөх гэж байна.

Ил, задгай худалдаа явуулбал 50 мянган төгрөгөөр торгоно

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай

Түүнчлэн талбайг тойруулан асар босгосон байх бөгөөд асарт аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээ үзүүлж байлаа. Талбайд зарж байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагайгаас тодрууллаа.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 150 байцаагч өнөөдөр /2018.6.1/ нийслэлд ажиллаж байгаагаас 60 нь Сүхбаатарын талбайд ажиллаж байна. Бусад нь Үндэсний цэцэрлэгч хүрээлэн, Хүүхдийн паркт ажиллаж байна. Бид хоолны үйлчилгээ, ил задгай худалдаа зэрэгт хяналт тавьж, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Сүхбаатарын талбайд нийслэлийн Захирагчийн ажлын албаны үйлдвэр үйлчилгээний хэлтсээс үйл ажиллагаа явуулах эрх авсан 65 аж, ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа. Иргэд гар дээрээс худалгаа хийх гэж оролдож байгааг эс тооцвол зөрчил илэрсэнгүй. Энэ тохиолдолд тэр дор нь анхааруулж арга хэмжээ авч байна. Шаардлага биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу Зөвшөөрөлгүйгээр ил, задгай худалдаа явуулсан  гэж үзээд иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно.  

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж