МАН-ын генсек Хятадад айлчлав

Хуучирсан мэдээ: 2018.06.01-нд нийтлэгдсэн

МАН-ын генсек Хятадад айлчлав

МАН-ын генсек Хятадад айлчлав

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Нам /ХКН/-ын урилгаар өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга, Үзэл суртлын сайд Хуан Кунминтэй уулзаж, хоёр намын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам” санаачилгыг уялдуулах ажлыг урагшлуулах талаар санал солилцов.

Энэ үеэр ноён Хуан Кунмин “Монгол, Хятад хоёр улсын харилцаанд хөгжлийн чухал боломж бүхий шинэ түүхэн үеийг эхлүүлж байгаа”-г онцоллоо. Түүнчлэн Хятадын талаас улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх замаар ард түмний амьдралд бодит ашиг, хувь хүртээх талаар хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Мөн МАН-ынхан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын Улс төрийн намуудын уулзалтад оролцлоо.

Гуаньдун Шөнжөн хотноо болсон тус уулзалтад нийт 18 улсын 28 улс төрийн намаас 250 гаруй төлөөлөгч оролцож, бие биенийхээ эрхэд халдахгүйгээр харилцан ашигтай хамтран ажиллаж, нэг нэгэндээ тусалж, дэмжих зарчмаар хамтдаа хөгжих талаар ярилцаж, санал солилцжээ.

Хятадын коммунист намын төв хорооны Гадаад харилцааны сайд Сун Тао уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Эрх тэгш, харилцан ашигтайгаар Шанхайн үзэл санааг тууштай баримталж улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, эв нэгдлийг бий болгоход хамтран ажиллах, нэг бүс нэг зам санаачлагыг чухалчлан бүс нутгийн аюулгүй байдлыг хамтдаа сахиулан хүмүүнлэгийн харилцаагаа нэмэгдүүлэх”-ийг уриалсан байна.

Уулзалтын үеэр Хятадын Коммунист Нам, МАН-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

“Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөрштэй. Тиймээс энэхүү хоёр хөршийн нэгдэн орсон ШХАБ-ын үйл ажиллагааг идэвхтэй ажиглаж байх нь Монгол Улсын геополитикийн хувьд маш чухал. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь ШХАБ-ын гишүүн орнуудын хүрээнд өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд, ирэх онуудад хэрэгжүүлэх бодлого, төслүүд танилцан дэлгэрэнгүй мэдээлэл авах юм.” гэдгийг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид онцоллоо.

ШХАБ нь байгуулагдаад 17 жил болж байгаа бөгөөд Хятад улс ШХАБ–ыг удирдсанаас хойш 120 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.

Эх сурвалж: МАН-ын Хэвлэлийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж