Монгол Улсын Засгийн газрын 2018.03.27-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2018 оны 06-р сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Тодруулбал мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл хориглож, шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон.
Гэтэл хууль санаачлагчид болон сахиулагчдыг хуулиа дээдэлж, хурдан морины уралдааныг зөвшөөрөгдсөн цагт нь шударга сайхан зохион байгуулдаг болохыг шаардаж байсан ‘Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн’-ийхөн өөрсдөө Засгийн газрын тогтоолыг зөрчиж, хориглосон сард буюу тавдугаар сард хурдан морины уралдаан зохион байгуулжээ.
‘Морин уралдааны уламжлал, шинэчлэлийн хөдөлгөөн’-ийхөн хууль журам ярьж, хэвлэлийн хурал хийж, хурал цуглаан хүртэл зохион байгуулсан байдаг. Энэ мэт ажил, ам хоёр нь зөрсөн этгээдүүдийн увайгүй үйлдлүүд хэрээс хэтэрч байгаа тул Монгол Улсын Засгийн газар гаргасан тогтоол шийдвэрийнхээ араас хяналт тавих шаардлага тулгараад байна.