Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Велдедлайне Монголиа” компанийн замчид гэрээт хугацаанаасаа өмнө, чанартай гүйцэтгэсэн энэхүү шинэ замын урт 0.75 км, зорчих хэсгийн өргөн 6 метр, хоёр эгнээтэй, 2 метр өргөн явган хүний замтай.
Авто зам шинээр баригдсанаар оршин суугчдын хувьд тав тухай орчинд аж төрөх боломжтой болж буйн зэрэгцээ байнга тоос, шороонд дарагдаж ирсэн зовлон ч арилж байгаа юм.
Хуучин энэ замд зундаа бороо орох бүрийд ус үер мэт урсаж, явганаар зорчиход бэрхшээлтэй, өвөлдөө хальтиргаа үүсэж, авто машинаар зорчиход амаргүй байсан нь одоо түүх болж үлдлээ.
Оршин суугчид шинэ замтай болсондоо туйлын баяртай байлаа. Бид нийслэлийн Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэн Д. Алтангэрэлээс дараах асуултад хариулт авав.
-Зам тавигдахаас өмнө нөхцөл байдал ямар байсан бэ?
-Зун болохоор бороо ороод дээрээсээ ус урсаад үер болж байгаа юм шиг байсан. Өвөл болохоор энэ налуу газар халтиргаа гуйлгаа үүсээд хэцүү, ер нь шороо тоос ихтэй муухай байсан. Хатуу хучилттай авто зам тавигдсанаар автомашинаар ч явганаар ч явахад бэрхшээлгүй боллоо. Өмнө нь уруудаад алхахад гутлын өсгийд шавар шалбааг наалддаг байсан бол одоо тийм зүйл байхгүй, явган хүний замаар явна. Манайх энэ цэнхэр байшинд амьдраад найман жил болж байна. Баруун тийшээ харсан цонхтой, байнгын шороотой байдаг байсан. Одоо зам тавьчихаар шороо тоос босохгүй болж байна.
-Замын ажил хэзээ эхэлсэн бэ, хугацаанаасаа өмнө дууссан гэх юм?
-Их л хурдан замаа тавьчих шиг болсон. Миний мэдэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-аас замын барилгын ажил эхэлсэн санагдаж байна.Өнөөдөр тавдугаар сарын 31 гэдэг чинь хоёр сар хүрэхтэй үгүйтэй хугацаа, их хурдан замаа тавилаа. Энэ нь иргэд бидэнд үнэхээр сайхан байна.
Шинэ зам тавигдсантай холбоотойгоор замын захиалагч Нийслэлийн авто зам хөгжлийн газрын дарга Ж. Тогтохбаяраас тодруулга авав.
–Энэ замыг хичээн төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бэ?
-Замын өртөг 497 сая төгрөг болсон. Энэ зам маш богино хугацаанд хийгдэж дуусч байгаа зам. Анх бол бид өөр газар төвлөсөн байсан. Гэвч газар чөлөөлөлтийн асуудал их удсан учир наашаа шилжүүлж энд авто замыг шинээр барьсан.
-Танай байгууллага өөр ямар зам дээр гүйцэтгэгч талуудад захиалга өгсөн байгаа вэ?
-Гадна тойргийн 4 ээлжийн зам 10 хоногийн дараа ашиглалтад орно. Гурван км авто зам хучилт аваад явж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаар гүүрэн байгууламжуудын ажил хэвийн явагдаж байна. Яармагийн гүүр, замын цагдаагийн гүүр, Баянзүрхийн гүүрний ажил ид дундаа явж байна.
Төлөвлөснөөр дээрх замыг зургадугаар сарын 25 гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан байсан ч даруй 20 гаруй хоногийн өмнө ажил дууссан нь энэ аж.
Замын компани техник хэрэгсэл, хүн хүч сайтай байгаа нь нэг талдаа ажлаа богино хугацаанд, чанартай гүйцэтгэх бололцоог бүрдүүлж байна гэж захилагч талаас хэллээ.
Гэхдээ зарим ажлууд хараахан бүрэн дуусаагүй байна. Тухайлбал, замын гэрэлтүүлэг, замын хажуу талын ногоон байгууламж зүлэгжүүлэлтийг хараахан хийж амжаагүй харагдлаа. Үерийн ус зайлах шугам хоолой огт тавигдаагүй байгаа нь замын чанарт нөлөөлөх вий гэсэн болгоомжлол тээхэд хүргэсэн. Энэ талаар мэргэжлийн хүнээс лавлавал зам өөрөө налуу газар тавигдсан учир гадаргуу дээрх ус зам дээр тогтох үндэсгүй юм гэлээ.
Харин хоёр зуу орчим метр тутамд хурд сааруулагч тавьсан нь аюулгүй байдал хангах талаасаа олзуурхууштай харагдлаа.
.Н. ГАНБАТ