"Банкууд өөрийн хөрөнгөө 511 тэрбум төгрөгөөр нэмнэ"

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

"Банкууд өөрийн хөрөнгөө 511 тэрбум төгрөгөөр нэмнэ"

"Банкууд өөрийн хөрөнгөө 511 тэрбум төгрөгөөр нэмнэ"

Монголбанкнаас өнөөдөр /2018.05.31/ хэвлэлийн хурал хийв. Хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар оролцов. Тэд Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн билээ.


Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Монгол Улсын банк санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт явагдаж байна. Сүүлийн 20,30 жил банк санхүүгийн салбарт хийгдээгүй томоохон өөрчлөлт эхэллээ. Бид ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ өөрчлөлтийг хийж байна. Ингэхийн тулд арилжааны банкуудын эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээг активын чанарын үнэлгээ гэж нэрлэдэг. Нийт 511 тэрбум төгрөгийн хөрөнгө нэмэх шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ нь ДНБ-ний 1,9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгө дутуу байна гэж үзсэн. Үүнээс үзэхэд банк санхүүгийн салбар эрсдэл багатай байна, банкны систем бүхэлдээ эрсдэлгүй байна. Дутагдаж байгаа хөрөнгийг нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөөг бүх банкнаас авсан. Дутагдаж байгаа хөрөнгийг 2018 онд босгох даалгаврыг бүх банкуудад өгсөн. Бид ОУВС зөвлөсний дагуу Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн төслийг УИХ-д өргөн бариад, энэ төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ирэхдолоо хоногоос намын бүлгүүд, байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Энэ хууль бол банкны салбарт хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтийг иж бүрэн болгох, банкийг хүчтэй болгох хувилбар юм. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаатай, эрсдэлд оруулахгүй байх урьдчилсан хувилбарыг боловсруулсан гэж харж байна. Бид цаашид олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулах, банк, санхүүгийн салбар тогтвортой байх, хадгаламж эзэмшигчид санаа зовохгүй байх ийм боломж бүрдэнэ. Хэрэв энэ хууль батлагдвал ОУВС-гийн нэг үндсэн зорилтыг хангах юм.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-УИХ-аар Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, шийдлээ. Ирэх долоо хоногоос холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Энэ хууль өөрөө ач холбогдолтой. Яагаад гэвэл банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлт бол томоохон ажил юм. Ийм хэмжээний өөрчлөлт сүүлийн 30 жил Монгол Улсад хийгдээгүй. Энэ өөрчлөлт бол банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж үлдэх зорилготой юм. Хоёр талын итгэлцлийг хадгалсан чухал мессеж болно гэж үзэж байна. Банк эрсдэлд орсон тохиолдолд хадгаламж эзэмшигч, харилцагчдад ачаалал очихгүй байхаар хуульчилсан төсөл юм. Банкийг хөрөнгөжүүлэх ажил хэд хэдэн үе шатаар явагдана. Банкууд өөрсдөө хөрөнгийн дутагдлаа үүрч, эдгээх үүргээ хариуцах ёстой. Хэрэв 2019 оноос өмнө банкууд өөрсдөө хөрөнгийн дутагдлаа нөхөж чадахгүй бол хөрөнгө оруулагчийг татан оруулах замаар шийднэ гэж үзэж байгаа. хөрөнгө оруулагчийг татаж чадахгүй бол төрийн оролцоотойгоор шийднэ. Дээрх гурван шатанд харилцагчид болон хадгаламж эзэмшигчдэд нэмэгдэл ачаалал үүсэхгүй гэсэн итгэл үнэмшил төрж байгаа. Иймээс өнөөдрийн хууль бол харилцагч, хадгаламж эзэмшигчээ хамгаалсан, банкны хариуцлагыг нэмэгдүүлсэн хууль юм.

Энэ хэвлэлийн хурлаар илэрхийлсэн хамгийн гол санаа нь банкууд хөрөнгөө нэмэгдүүлэхдээ харилцагч, хадгаламж эзэмшигчдэд нэмэгдэл ачаалал үүсгэхгүй байх үүднээс хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолсон юм.

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж