ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд манай оронд айлчилж байгаа Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Жак Рогге-г өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Анх 1986 онд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Ж.А.Самаранч манай улсад айлчилж байсан. Үүнээс 25 жилийн дараа буюу Монгол Улсын хувьд олон түүхт ой тохиосон энэ онд болоод 2012 оны олимпын их наадмын өмнө олимпын холбооны ерөнхийлөгч дахин зочилж байгаа нь билэг дэмбэрэлтэй явдал гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд Олон улсын олимпын хорооноос манай улсад үзүүлж байгаа тусламж, дэмжлэгт талархаж байдгаа илэрхийллээ.

Манай баг тамирчид 1964 онд анх удаа олимпын наадамд оролцож, өнөөг хүртэл хугацаанд 19 медаль хүртээд байгаа. Мөн 2008 оны Бээжингийн олимпоос анх удаа алтан медаль авч, улс орныхоо нэр хүндийг дэлхийд дуурсгасан. Ирэх онд Лондонд болох олимпод манай тамирчид 9 төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа бөгөөд одоогоор 4 тамирчин эрхээ аваад байгааг Ерөнхий сайд дуулгаад Монголын баг тамирчдыг дэмжиж ажиллахыг хүслээ.

Манай тамирчид Лондонгийн олимпод амжилттай оролцож Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа давтан улмаар бататгана гэдэгт итгэлтэй байгаа, Засгийн газрын зүгээс ч шаардлагатай бүх арга хэмжээг авч, онцгой анхаарч байгаа гэлээ. Өөрийг нь цаг зав гарган хүлээн авсанд Жак Рогге Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд “Лондон-2012” олимп болон паралимпын 4700 ширхэг медалийн алт, мөнгө, хүрэл медалийг Монгол медалиар хийх болсныг уламжиллаа.

Мөн тэрээр олимпод оролцох Монгол тамирчид өөрийн ур чадвар авьяас билэг, хүч чадлаа дэлхийн дэвжээнд гайхуулж,  эх орныхоо vнэт эрдэнэсээр хийсэн алт, мөнгө, хүрэл медаль авна гэдэгт итгэлтэй байна гээд Ерөнхий сайд С.Батболдтой Гадаад хэргийн дэд сайд байх үед нь уулзаж байснаа дурсаж, спортод элэгтэй, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж явдагт нь талархаж байдгаа хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж