
Манай баг тамирчид 1964 онд анх удаа олимпын наадамд оролцож, өнөөг хүртэл хугацаанд 19 медаль хүртээд байгаа. Мөн 2008 оны Бээжингийн олимпоос анх удаа алтан медаль авч, улс орныхоо нэр хүндийг дэлхийд дуурсгасан. Ирэх онд Лондонд болох олимпод манай тамирчид 9 төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа бөгөөд одоогоор 4 тамирчин эрхээ аваад байгааг Ерөнхий сайд дуулгаад Монголын баг тамирчдыг дэмжиж ажиллахыг хүслээ.
Манай тамирчид Лондонгийн олимпод амжилттай оролцож Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа давтан улмаар бататгана гэдэгт итгэлтэй байгаа, Засгийн газрын зүгээс ч шаардлагатай бүх арга хэмжээг авч, онцгой анхаарч байгаа гэлээ. Өөрийг нь цаг зав гарган хүлээн авсанд Жак Рогге Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд “Лондон-2012” олимп болон паралимпын 4700 ширхэг медалийн алт, мөнгө, хүрэл медалийг Монгол медалиар хийх болсныг уламжиллаа.
Мөн тэрээр олимпод оролцох Монгол тамирчид өөрийн ур чадвар авьяас билэг, хүч чадлаа дэлхийн дэвжээнд гайхуулж, эх орныхоо vнэт эрдэнэсээр хийсэн алт, мөнгө, хүрэл медаль авна гэдэгт итгэлтэй байна гээд Ерөнхий сайд С.Батболдтой Гадаад хэргийн дэд сайд байх үед нь уулзаж байснаа дурсаж, спортод элэгтэй, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж явдагт нь талархаж байдгаа хэллээ.