Путин Европт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Путин Европт хэрэгтэй

Путин Европт хэрэгтэй

Санкт-Петербург хотноо өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн Олон улсын эдийн засгийн форум зөвхөн хөрөнгө оруулалт татахаас илүү, Оросыг Европтой эвлэрүүлэх уриалгын шинж чанар агуулсан байлаа.

Энэхүү  форумд жил бүр  томоохон лидерүүд ирж глобал асуудлаар байр сууриа илэрхийлдэг болсон. Энэ жилийн форумд уригдсан зочдын илтгэл, хөрөнгө оруулагчдын уулзалтаас улс орнууд Оросоос тусгаарлах бодолгүй байгаа нь харагдлаа. Хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр зурагдсан гэрээ хэлэлцээний дүн өмнөх жилийнхтэй харьцуулбал буурсан ч түнш орнууд Оростой хамтарч ажиллахад бэлэн хэвээр байна.

Оросын 60 дипломатчдыг албадан гаргаж, Санкт-Петербург дэх Консулын газраа хаасан зэрэг явдал ОХУ-АНУ-ийн харилцааг хангалттай муутгасан. Гэтэл АНУ-ын бизнесийнхэн Санкт-Петербургийн чуулга уулзалтад 2014 оноос хойш хамгийн том бүрэлдэхүүнтэй ирж оролцсон нь анхаарал татаж байв.

Хэлэлцүүлгийн гол зочин нь Францын ерөнхийлөгч Эмманүэл Макрон байсан. Тэрбээр форумын эхний өдөр хамтарсан мэдэгдэл дээр хэлсэн үгэндээ “Орос өөрийн гэсэн түүхтэй, Оросын хувь заяа Европт байгаа” гэсэн нь ОХУ-ыг  европын гэр бүлд үлдээхийг хүсч байна гэж ойлгогдохоор байв. Украины хямрал, Сири дэх Оросын байр суурь, тус улсын тагнуулыг хордуулсан зэрэг Орос-Европын харилцааны уур амьсгалыг хүйтрүүлсэн хэрэг явдлууд үргэлжлэн гарсан. Гэтэл Макроны айлчлал тэр чигтээ Орос Европын харилцааг сэргээх зорилготой мэт харагдсаныг дэлхийн хэвлэлүүд тоймлон бичжээ. Макрон олон талт дипломат ажиллагааны ашиг тусыг онцолж Путинг олон улсын хамтын ажиллагааны дүрмээр хамтран ажиллахыг уриалж байв.

Форум тэр чигтээ Оросыг Европт найр тавьсан байдалтай болоогүй.  Уулзалтын үеэр Голланд, Австрали улсууд 2014 онд дэлбэрсэн Малайзийн агаарын тээврийн MH17 онгоцны сүйрэлд Оросыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн. Учир нь онгоцонд сууж явсан зорчигчдын ихэнх нь Голланд, Австрали иргэд байсан билээ.

Европын улс орнуудад Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэхэд нь Путины оролцоо зайлшгүй хэрэгтэй үе тулгараад байна. Ялангуяа Сирийн мөргөлдөөн, Ираны цөмийн хэлэлцээнд Путины байр суурь тун чухал юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  тавдугаар сарын 8-нд Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрээс гарахаа зарлаж байсан. Д.Трамп Ираны хэлэлцээг орхиж гарсан нь Орос Европыг ойртуулах сэжүүр ч болж өглөө гэж зарим шинжээчид үзэж байна.

Ийнхүү Санк-Петербургийн чуулга уулзалтаас Орос-Европын хоорондын таагүй харилцаа зөөлрөх болов уу гэсэн хүлээлт олон улсад байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж