ФИБА (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3х3 сагсан бөмбөгийн “Ulaanbaatar Challenger” дэлхийн гран-при тэмцээн зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3х3 төрлийн баг тамирчдад олимпийн эрхийн оноо олгодог чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм.
ФИБА 3х3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн гран-при тэмцээн эрэгтэй багуудын дунд болох бөгөөд дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 12 шигшээ баг оролцоно. Энэ тэмцээний эхний хоёр байрт орсон багууд ирэх аравдугаар сарын 13-14-ний хооронд Малайз улсад болох дэлхийн “Их дуулга” тэмцээнд оролцох эрхийг авах юм.
Тус тэмцээний шагналын сан 20 мянган ам.долларт багтсан бөгөөд “М-Си-Эс” группийн М-Си-Эс Кока-Кола, “Юнител” ХХК, Сэнгүр брэнд ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа аж.
Тэмцээний талаарх мэдээллийг http://www.fiba.basketball/3x3challengers/2018 сайтаар хүргэж байна.