Тавантолгой хөдлөх үү, засаг хөдлөх үү гэх сценари Төрийн болон Тусгаар тогтнолын гэх хоёр ордны дунд ид өдөлж байна. Угаасаа Тавантолгойг хөдөлгөхтэй зэрэгцээд улс төрийн акц нь дагаад идэвхжидэг нь бичигдээгүй хууль. Эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойг цогцоор нь хөдөлгөнө гэсэн нь ерөнхийдөө үнэмшил муутай сонсогдсон. Үндсэндээ, Тавантолгойг хөдөлгөнө гэх тоолонд энэ нь хуурай үг болоод удаж байгаа нь, улстөрчид удаа дараа шилний цаанаас чихэр долоолгодог байсантай нь холбоотой.
Бүлгийн хуралдаанаасаа улс төрийн шийдвэр хүсч буй МАН-ын засгийн Тавантолгойг цогцоор нь хөдөлгөх, IPO гаргах танилцуулга төдийхөн боршуур гишүүдийн ширээн дээр очсон. Олонхын бүлэг хоёр ч удаа Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн ч, тоймтой шийдэлд хүрээгүй юм.
Тавантолгой ашиглалтынхаа эхний шатанд буй дэлхийн хэмжээний коксжих нүүрсний орд. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэх Засгийн газар болгоны дуусдаггүй яриа бол угтаа бол учир дутагдалтай. Тавантолгой орд аль хэдийнэ эргэлтэд орсон, “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд өнгөрсөн жилийн татвар төлөлтөөр хоёрдугаарт жагсч, ирэх жилээс 1072 ширхэг хувьцаатай иргэн бүрт ногдол ашиг тараахаа гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцлоод байгаа.
Гол нь энэ ордыг яаж эдийн засгийн үр ашигтай болгох вэ, үр шимийг нь яаж олууланд нь хүргэх вэ, улс орны эрх ашиг хаана явагдах вэ, тэр тусмаа улс төрийн ямар бүлэглэл ахиухан ашиг хүртэх вэ гэсэн асуудал яригдаж буй. Ялангуяа хэн эргэлтэд оруулж, хэний эрх ашиг нэгд байх вэ гэсэн гадаад, дотоодын хүсэл зорилготой холбогдож чадаагүй тохиолдолд Тавантолгой эдийн засгийн биш улс төрийн эргэлтэд түрүүлж ордог нь бодит амьдрал билээ._
Тавантолгойг эргэлтэд оруулах яриа зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн баруун, зүүн Цанхийн нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт дээр хөндөгдөж буй хэрэг. Нэг тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй тус компанийн эзэмшиж буй ордын 78 хувь нь коксжих нүүрс. Ийм учраас гадаад, дотоодын эрх ашиг Тавантолгойг хөдөлгөхгүй барих болсон.
Ардын засгийн олонхын бүлгээс хүсч буй улс төрийн шийдвэр нь “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувь дээр IPO гаргаж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг асуудал юм байна. Олон улсын хөрөнгийн зах дээр гаргах “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувь дээр MCS болон Сумитома, мөн Шинхуа групп, орос, хятад, бусад орны хөрөнгө оруулагчид хэн ч орж ирсэн нээлттэй байх гэнэ.
Харин үлдсэн 70 хувийг эргэлтэд хэрхэн оруулах нь огт хөндөгдөөгүй, олон улсын хөрөнгийн зах зээлд арилжих 30 хувиас олох мөнгөөрөө авто зам, төмөр зам, нүүрс угаах үйлдвэр барина гэж тооцоолж байгаа аж.
Тавантолгой төслийн хүрээнд үндсэн гурван багц ажлыг хийхээр Монголын таван ч засаг мөрийн хөтөлбөртөө амласан. Нэгдүгээрт, уурхайн олборлолт, борлуулалтыг сайжруулах, хоёрдугаарт, үйлдвэрлэл болон дэд бүцийн тээвэрлэлтийн төслийг эхлүүлэх, гуравдугаарт, дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах явдал. Эдгээрээс хамгийн түрүүнд тээвэрлэлт болон нүүрс угааж баяжуулах үйлдвэр, ус, эрчим хүчтэй холбоотой төслийг яаралтай эхлэх шаардлагатайг “Эрдэнэс Тавантолгой” компанийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш ярьж байсан билээ. Учир нь тээвэрлэлт болон нүүрс угааж баяжуулах үйлдвэр, ус, эрчим хүчтэй холбоотой төслийг яаралтай эхлүүлснээр олон улсын хөрөнгийн зах дээр IPO босговол компанийн хувьцаа, үнэлгээнд сайнаар нөлөөлнө гэж тооцсон бололтой, тухайн үед. Харин өнөөдөр Ардын засаг эхлээд IPO-гоо гаргаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зарсан хувьцааныхаа мөнгөөр
- Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд 250 км зам
- Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлд 435 км зам
- Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд чиглэлд 448 км
- Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд 267 км
- Зүүнбаян-Ханги чиглэлд 270 км
- Нарийн сухайт-Шивээ хүрэн боомт чиглэлд 46 км-ийн дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Гэвч, Тавантолгой хөдөлж эдийн засаг томрох уу, улс төр хөдөлж У.Хүрэлсүх жижигрэх үү гэх асуудал ахиад л улс төрийн топ сэдэв болжээ. Улс төр нь дандаа эдийн засгаасаа түрүүлж хөдөлдөг учраас өнөөдрийн хамгийн үнэмшилгүй сонсогддог бас дуусдаггүй яриа гэвэл “Тавантолгойг хөдөлгөнө”.
Ж.ЭРХЭС