‘Оюутолгой’ компанийн төв байранд ‘Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн’-өөс өнөөдөр /2018.05.31/ мэдээлэл хийлээ. Тэд ‘Оюутолгой’ компани Геологийн төв лабораторитой нууцын гэрээ байгуулсан талаар мэдээлсэн юм. ‘Оюутолгой’ компанийн баяжмалын дээжид Монгол Улсад Гаалийн төв лаборатори, Геологийн төв лаборатори, Алс ХХК гэсэн гурван газар сорьцын шинжилгээ хийдэг байна. Гэтэл Монгол Улсын төрийн өмчийн байгууллага болох Геологийн төв лаборатори нь ‘Оюутолгой’ компанитай нууцын гэрээ байгуулсан тул Мэргэжлийн хяналтын газраас шаардсан дээж, сорьцын дүн шинжилгээг үзүүлэх боломжгүй болоод байгаа юм байна. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б. Жагар ‘Зэсийн баяжмалд хяналтын дээжийн шинжилгээ сорьц авдаг. Зэсийн баяжмалд 24 төрлийн элемент байна. Үүнээс Монгол Улс гурвыг нь ашиглаж байна. Зэс, алт, мөнгө, бусад 21 элемент баялагт минь ямар нэгэн үнэлэлт шинжилгээ хийхгүй байна. Геологийн төв лаборатори ‘Оюутолгой’ компанитай нууцын гэрээ байгуулсан байна. Геологийн төв лаборатори зэсийн баяжмалын сорьцын мэдээллээ гаргаж өгөхгүй байна’ гэв.
Н. ГАНБАТ