Нийслэлд үйлдэгдсэн хохирол ихтэй хулгайг нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард Баянзүрх дүүрэгт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгийн үнэтэй, алтаар бүрсэн эмээл алдагджээ.
Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-ийн гэрээс 60 орчим сая төгрөгийн алт, мөнгөн эдлэл алдагдсныг мөн илрүүлсэн байна.
Мөн 2017 оны аравдугаар сард “Чансаа” дэлгүүрийн 50 орчим сая төгрөгийн бараа, материалыг бүлэглэн хулгайлсан гурван эмэгтэйг илрүүлжээ. Тэднийг шалгахад хоёр нь өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан нь тогтоогджээ. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байж, урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Мөн дээрх хэргүүд шалгагдаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Р.Ренчиндулам