АН: Зээл, тусламжийн үр дүнг үнэлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

АН: Зээл, тусламжийн үр дүнг үнэлэхгүй байна

АН: Зээл, тусламжийн үр дүнг үнэлэхгүй байна

НИТХ-ын ээлжит 16 дугаар хурлаар хэлэлцүүлж буй Нийслэл Улаанбаатар хотод түншлэгч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН САНАЛ:

2018.05.31                                                                                                         Улаанбаатар хот

 

Сайн байцгаана уу?

Эрхэм Нийслэлчүүд ээ, эрхэм төлөөлөгчид өө та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

 

Өнөөдөр бид Нийслэл Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгө болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж байна. Бүтээн байгуулалтын ажлын явц, хүндрэл бэрхшээл, санхүүжилтийн дүн, алдаа оноо, цаашид анхаарах зүйлс, хүрэх үр дүн, үр ашиг зэргийг тал бүрээс нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 

 

Бидэнд ирүүлсэн танилцуулгаас ерөнхийд нь дүгнэхэд Монгол Улс зээл болон тусламжийн хөрөнгөөр дутаагүй ч хэрэгжилт, үр дүнг үнэлдэг тогтолцоогүй, зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэхийг хянадаггүй болох нь харагдаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар нь түншлэгч орон, Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран 1991-2017 он хүртэл 7.0 тэрбум ам.долларын хөгжлийн албан ёсны туслалцааг авч ашигласан байна. 

         

          2018 оны байдлаар гэхэд нийслэлд 964 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл, 53 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж хэрэгжиж байгаа нь сайшаалтай мэт боловч зарим бүтээн байгуулалтын ажлууд хэт удаан, зарим нь бүр огт эхлээгүй байна. Гэсэн ч төслийн багийн цалин хангамж, гэрээний дагуу хүүний мөнгийг татвар төлөгчид төлсөөр байна. Тухайлбал, Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүүгийн төлбөрт 2018 онд 4.1 тэрбум, 2019 онд 6.6 тэрбум төгрөг төлөхөөр байна. Иймд зээл тусламжийн бүх ажлыг хэрэгжүүлж буй төслийн удирдах хороо, нэгжүүд, нийслэлийн удирдлагууд нэн хариуцлагатай байх шаардлага үүсээд байна.

            Ингээд ажил сайжруулах дараах хоёр саналыг Та бүхэнд танилцуулж байна.

 

Нэг, Удирдлага зохион байгуулалтыг сайжруулах.

 

Төрийн байгууллага болон төслийн нэгжийн ажлын уялдаа холбоо байхгүй байна. Зарим төслийн нэгжийн ажил эхэлсэн боловч Төслийн удирдах хороог байгуулаагүй 2 жилийг ардаа үдсэн байна. Тухайлбал “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийн нэгж нь байгуулагдан ажиллаж байгаа боловч хяналт тавьж ажиллах ёстой Төслийн удирдах хороог нь байгуулаагүй өдийг хүрсэн байна.

Хэрэгжиж буй төслүүдийн удирдах хороог байгуулаагүйн улмаас төсөл нь гэрээнд заасан хугацаандаа хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй, төслийн үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай байлгах, тухайн салбар болон салбар хоорондын уялдаа холбоог хангах, биелэлтэд хяналт тавих боломжгүй байна.

Төслийн удирдах хороо нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийг шаардлагатай бодлогын удирдамжаар хангаж ажиллан удирдлага зохион байгуулалтаа сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж бид үзэж байна.

 

Хоёр, Төслийн үр дүнг сайжруулах.

 

Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн зарим нь хэрэгжээд дуусах шатандаа орсон боловч зорилтот түвшиндөө хүрч байгаа эсэхийг үнэлэх боломжгүй байна. Тухайлбал “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” хэрэгжиж дуусч байна. Тус төслийг хэрэгжүүлэхдээ гэр хорооллын нарийн тоосонцорыг бууруулахад 9,2 сая доллар, хотын төвийн хэсгийн нарийн тоосонцорыг бууруулахад 2,3 сая доллар, Олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаанд 3 сая долларыг зарцуулсан байна. Гэвч өнөөдөр манайд утааг сурталчлахад 3 сая доллар зарцуулах шаардлага байсан уу, утааны асуудал шийдвэрлэгдсэн үү, агаарын бохирдол хэдэн хувиар буурсан бэ, ямар үр нөлөөтэй төсөл байсан бэ гэдгийг үнэлэхгүй байна.

Төслийн санхүүжилт тодорхой мөнгөн дүнтэй боловч Нийслэлийн төлөх мөнгөн дүн жил бүр нэмэгдсээр байна. Нийслэлийн төсөвт төслийн эргэн төлөлт, хүүг ямар хэмжээтэй суулгах талаар нэгдсэн тоон мэдээлэл байхгүйгээс гадна төслийн үр дүнд Монгол Улсын талаас үнэлгээ, мониторинг хийх тогтолцоо байхгүй байна.

 Иймд төслийн удирдлагаас төрийн байгууллагатай харилцах, нэгдсэн мэдээлэлтэй байх ажлыг нэг урсгалд оруулж, тасралтгүй хяналтаар ханган, үр дүнг нь тооцох зорилгоор Олон Улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэж буй төслүүдийн мэдээллийн нэгдсэн сантай болох тодорхой саналыг АН-ын бүлэг оруулж байна.

 

 

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ  ДАХЬ

АРДЧИЛСАН НАМЫН  БҮЛЭГ

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж