“Унгиралын хэмжээ эрс багасна”

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

“Унгиралын хэмжээ эрс багасна”

“Унгиралын хэмжээ эрс багасна”

Зуны халуунд модны сүүдэрт нь сэрүүцэх сайхан ч улиасны унгирал хийсч,харшил өгөх нь түвэгтэй. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа талаар нийслэлийн Хот тохижилтын газрын ногоон байгууламжийн албаны дарга Н.Билэгсайханаас тодрууллаа.


Усалгааг шөнөөр зохион байгуулж байна

-Энэ зун хотын ногоон байгууламжид ямар өөрчлөлт бий болох вэ?

-Ногоон байгууламжийн албанаас  хотын ногоон байгууламжийн  арчилгааг хариуцдаг. Мөн захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан есөн гудамж, талбайд гоёлын бут, сөөг тарьсан. Тухайлбал, Дандарын гудамжийг  иж бүрэн тохижууллаа. Нарын зам дагуу гоёлын бут, сөөг битүү тарьсан байгаа. Нийслэл хүрээ, Чингисийн өргөн чөлөөнд цэцэг, сөөг тарьсан.

-Өдөрт хэдэн удаа ногоон байгууламжаа усалж, арчилж байна вэ?

-Ногоон байгууламжийн арчилгааг зөвхөн усалгаагаар төсөөлж болохгүй. Ногоон байгууламжийн арчилгаа нь хаврын, ургалтын буюу зуны, намрын, өвлийн зэрэг 23 төрлийн үйлдэлтэй байдаг. Нийслэлийн 43 гудамж талбайд 16 машин усалгаанд явж байна. Хөрсөн дээр 30 хэмээс дээш халсан үед усалгаа хийх нь үр дүнгүй байдаг. Учир нь, усалгааны 70 хувь нь ууршчихдаг. Тиймээс хотын ногоон байгууламжийн усалгааг шөнөөр хийдэг. Тусгай хуваарийн дагуу мод, бутлаг ургамлыг долоо хоногт хоёр удаа, ургамлын усалгааг долоо хоногт 2-3 удаа усалдаг. Шаардлагатай болон шинэ тарилт хийж байгаа үед өдөр усалдаг.

-Усалгаа хэдэн сар хүртэл үргэлжлэх вэ. Өвөл хэрхэн арчилдаг юм бэ?

-Арваннэгдүгээр сар хүртэл усална. Ногоон байгууламжийн арчилгааг дөрвөн улирлын турш явуулдаг. Өвөл цас, мөсөөр манаж, тоож шороог нь цэвэрлэж, үзлэг, тооллого явуулдаг юм.

Улиасыг Бага тарьдаг болсон

-Арчилгаанд модны унгирал ордог. Нийслэлийн гудамжаар хөглөрөх унгирал их төвөгтэй байдаг. Энэ асуудлыг шийдэх боломжтой юу?

-Унгирал хөврөх нь улиасны онцлог. Бид үүнээс урьдчилан сэргийлээд хавар улиас модонд тайралт хийсэн. Улиасыг хэлбэржүүлж, хэт хөгширсөн, хатсан улиасыг тайрч хэлбэржүүлсэн. Ингэснээр унгиралын хэмжээ эрс багасна.

-Тэгээхээр унгирал багасахаас биш бүрэн алга болохгүй гэсэн үг үү. Ер нь улиасыг хотын ногоон байгууламжаас халж, түүний оронд өөр мод тарьж болохгүй гэж үү?  

-Улаанбаатар хотын ногоон байгууламж дахь улиас нь дээр үед таригдсан. Сүүлийн үед бодлогын хүрээнд улиасыг ногоон байгууламжид бага ашиглаж байгаа. Нэгэнт тарьсан улиасыг тайрч, арчилгааг сайн хийгээд явж байна.

Манайхтай гэрээтэй газрууд ийм алдаа гаргахгүй

-Сошиалаар улиасыг голд нь хүртэл тайрсан байсан. Энэ мод дахин ургах уу. Мод тайрах стандарт гэж байдаг биз дээ?

-Ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага тэгж тайрахгүй л дээ. Хортон шавж, болон унгирал гарахаас сэргийлэх, хэт хөгширсөн, мөн хэт өсөлттэй байгаа модыг стандартын дагуу хамгийн ихдээ 80 см тайрдаг.

-Тэгвэл тэдгээр улиасыг ямар компани тэгж тайрсан юм бол?

-Гол ишийг хүртэл тайрах нь технологийн алдаа. Хан-Уул дүүргийн зарим нэгэн СӨХ, хувийн хэвшлийн нэгжүүд модыг тэгж тайрсан байсан. Манайхтай гэрээтэй байдаг газрууд байнга сургалтад хамрагддаг тул ийм алдаа гаргахгүй.

-Өвлийн бэлтгэл ажил хангах үүднээс жил бүрийн зун дулааны шугам сүлжээнд шинэчлэл хийдэг. Энэ үед дулааны шугам сүлжээний дагуу байгаа ногоон байгууламжийг хэрхэн арчилдаг вэ?

-Дулааны шугам солих ажлыг жил бүр шат дараатай хийдэг. Бид өнгөрсөн жилээс эхлэн дулааны шугам сүлжээний байгууллагын төлөвлөгөөтэй танилцаад төлөвлөгөөнд багтсан хэсэгт ногоон байгууламжийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа. Төлөвлөгөөнд багтсан хэсгийн ногоон байгууламжийг зөөвөрлөн өөр газар суулгаж, арчилж байна. Шугам сүлжээ засварлах үед гэмтсэн, сүйдсэн ногоон байгууламжийн зардлыг тухайн байгууллагаар гаргуулаад түүгээр нь ажил дууссан үед дахин ногоон байгууламж байгуулдаг.

-Хүний үйл ажиллагаанаас болж жилд хэчнээн мод, бут сөөг гэмтдэг вэ?

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь ногоон байгууламжийн 20 хувь нь ямар нэгэн байдлаар механик гэмтэлд өртдөг. Үүнд хүний үйл ажиллагаа, тээврийн хэрэгсэл, самбар байрлуулалт, дулааны шугам сүлжээ засалт зэрэг багтаж байгаа. Иргэдийн ногоон байгууламжид хандах хандлага нь буруу байдаг тул гарцаар гаралгүйгээр зам товчлох үүднээс дөнгөж ургаж байгаа ногоон байгууламж дээгүүр алхаад гардаг.  Энэ нь ногоон байгууламжийн гэмтэлд нөлөөлж байдаг. Тиймээс иргэд ногоон байгууламжаа хамгаалж, зориулалтын гарцаар гардаг байх хэрэгтэй байна.

Улиасны унгирал нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс тодруулахад “Унгирал нь харшилтай болон мэдрэмтгий хүний харшлыг өдөөдөг” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж