УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөдөр /2018.05.31/ мэдээлэл хийлээ. Тэрбээр өөртэй нь холбоотой 36 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хувийн компанидаа олгосон гэх асуудлаар бодит мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал хийж байгаагаа онцолсон юм. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа өөрийн эзэмшлийн “Хурд” группт НӨАТ-ын буцаан олголтоор 36 тэрбум төгрөгийг хуваарилсан хэмээн мэдээлсэн.
Мөн энэ асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр уг асуудлыг шалгуулахаар Ёс зүйн дэд хороонд ханджээ. Тус дэд хороо “Иргэдийн шударга шүүх ТББ-аас ирүүлсэн өргөдлийн дагуу уг асуудлыг гишүүний ёсзүйд нийцэж байгаа талаар хэлэлцсэн бөгөөд Б.Чойжилсүрэн гишүүн оролцож, холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгч, “Хурд” групп НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг авсан гэх асуудлаар тайлбар өгчээ.
Тэрбээр, ‘УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн. Уг бичгийг би өчигдөр гар дээрээ авлаа. Тиймээс өнөөдөр албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна” гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариултыг өглөө.
-УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос танд хүргүүлсэн бичгийг харахаар “Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 18 тэрбумаар хоёр хувааж, нийт 36 тэрбумыг авсан гэж ойлгогдож байна. Энэ нь ямар учиртай юм вэ?
-Сангийн яамнаас найм тэрбумаар, 10 тэрбумаар тус тус шилжүүлэг хийсэн юм. Нийтдээ18 тэрбумыг шилжүүлэг хийсэн юм билээ. Үүнийг хоёроор үржүүлээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан бололтой юм билээ. Энэ талаар Сангийн яамнаас би тайлбар авсан байгаа.
-Илүү төлсөн татвараа буцаан авсан гэдэг нь ямар учиртай юм бэ, та энэ талаар тайлбар өгөөч?
-Манай “Хурд групп” ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын өртгийг бүрдүүлэх явцад, энэ нь НӨАТ борлуулалтаас нь илүү гарчихдаг. Ер нь ийм тохиолдол үүсдэг. Энэ тухай НӨАТ-ын тухайн хуулийн 15-р зүйл дээр тодорхой тайлбарлачихсан байгаа. Ийм байдлаар зөрүү үүсдэг.
-Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та улс төрч, нэр хүндтэй бизнесмен хүнийхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?
-Намайг улс төрд байгаа болохоор л ингээд баалаад байгаа юм. Түүнээс биш хууль зөрчихсөн зүйл байхгүй.
Ш.чимэг