Аудит: АСЕМ-ын төлөөлөгчдийн бэлгийг хэтрүүлэн зарцуулсан

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Аудит: АСЕМ-ын төлөөлөгчдийн бэлгийг хэтрүүлэн зарцуулсан

Аудит: АСЕМ-ын төлөөлөгчдийн бэлгийг хэтрүүлэн зарцуулсан

Үндэсний Аудитын газраас АСЕМ-ын үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг танилцуулав. Энэхүү аудитыг хийх болсон шалтгаан нь Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн тайланд аудит хийхэд хязгаарлалттай санал дүгнэлт авсан байна. Хязгаарлалттай санал дүгнэлтийн 40 гаруй хувь нь АСЕМ-тай холбоотой байжээ. Тиймээс АСЕМ-ын үйл ажиллагааны гүйцэтгэлд эрдлийн аудит хийжээ.


АСЕМ-ын үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулав. Түүний танилцуулгад бүтээн байгуулалтын гэрээг шууд гүйцэтгэлийн гэрээгээр хийсэн. Захиалсан, гүйцэтгэсэн хоёр тал хоёулаа тайлан гаргаагүй гэх мэт зөрчил илэрчээ.

АСЕМ-ын үйл ажиллагаанд төрийн 46 байгууллага, 28 хувийн этгээд хамрагдсан байна. АСЕМ-д зориулсан импортын машин, техник хэрэгслийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлсөн байна. Энэ хүрээнд нийт 6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлжээ. АСЕМ-ын үйл ажиллагаанд 395,7 тэрбум төгрөг зарцуулагдсан. Үүний 90,9 тэрбум төгрөг нь улсын хөрөнгөөр, 46 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуй нэгж болон хандив тусламжаас,  258,7 тэрбум төгрөг нь гадаад дотоодын банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэгдсэн байна.

АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулсан, гүйцэтгэсэн хоёр тал хоёулаа үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа өгөөгүй гэв. Иргэн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд хяналт тавих боломжгүй нөхцөлд аудитын тайланг хийсэн гэж мэдэгдлээ.

Төв талбайн хөшөөг солиход 668,7 сая төгрөг зарцуулсан ч үүнийг батлах анхан шатны баримт, ажил хүлээлцсэн акт гараагүй байна гэв. АСЕМ-ын арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдийн бэлэг дурсгалын зардалд 981,4 сая төгрөг төсөвлөж байсныг хэтрүүлэн зарцуулсан гэж аудит дүгнэжээ.

Дээрх тайлантай холбогдуулан 163,6 сая төгрөгт акт тогтоож, 151,8 тэрбум төгрөгийн асуудалд албан шаардлага хүргүүлсэн, 79,2 тэрбум төгрөгийн зарцуулалтад холбогдох 17 албан тушаалтанд  хариуцлага тооцох санал хүргүүлсэн, 290,9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлсэн байна.

Гэрэл зургийг Н.батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж