Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос “Алтан хальс Индепендент кино наадам”-ыг (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) зохион байгуулах гэж байна.
Зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа ‘Алтан хальс индепендент кино наадам’ хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдох юм. Энэ жил гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад бүтээлийн тоо нэмэгджээ. 2017 онд 52 орны 268 бүтээл ирж, уралдаант хэсэгт 25 бүтээл ирж байсан юм.
Энэ жил уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээл тодорсон бөгөөд эндээс 17 нь Монгол кино байгаа аж.
Кино наадам ирэх зургаадугаар сарын 2-8-ны хооронд “iCinema” кино театрт зохиогдох бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд танилцуулна.
“Altan Khalis Award – Алтан хальс шагнал” монгол болон гадаадын ямар ч кино хүртэх боломжтой бөгөөд мөн дараах шагналын эздийг тодруулахаар болжээ. Үүнд:
- Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)
- Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Энэ жилийн ‘Алтан хальс индепендент кино наадaм’-ын шүүгчдийн бүрэлдэхүүнийг дараах бүрэлдэхүүнтэй сонгожээ. Үүнд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны ‘Global Film Expression’ кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар багтсан байна.