Дуулиант хэргүүд: Г.Номуундарь хоёр удаа мэдүүлэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд: Г.Номуундарь хоёр удаа мэдүүлэг өгчээ

Дуулиант хэргүүд:  Г.Номуундарь хоёр удаа мэдүүлэг өгчээ

Сүүлийн үед олны анхаарал татсан зарим хэргүүд шийдвэрлэгдэхгүй удаж, олон эргэлзээг дагуулсаар байгаа. Тиймээс эдгээр хэргүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тоймлон хүргэж байна.


Г.Номуундарь охины хэрэгтэй холбоотой бүх хүмүүсээс байцаалт авчээ

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Номуундарь өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын 30-нд цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг цацсан. Хохирогч Н-ийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Ингэхдээ хэргийн газар буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд, залуус төрсөн өдөр тэмдэглэж байсан үнэн болох нь тогтоогдсон байна.

Тэгвэл дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар бүгдээс нь гэрчээс мэдүүлэг авсан бөгөөд Г.Номуундарь охиноос мөн хоёр удаа мэдүүлэг авчээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохыг хариуцсан өмгөөлөгч нь мэдээллээ.

Төрсөн эгчийгээ хөнөөсөн залууг 461-р ангид саатуулан шалгаж байна

Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр болох “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт 2018 оны дөрөвдүгээр сарын 21-ний буюу шөнө 00.01 цагт гал гарч, залуухан бүсгүй амиа алдсан байдаг. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад санаатайгаар гал тавьсан нь тогтоогджээ. Хэргийг эргэн сануулахад, 19 настай эрэгтэй Б нь төрсөн эгчийгээ найзтайгаа нийлэн өс хонзонгийн сэдэлтэйгээр боомилж хөнөөгөөд, тэсэлгээний очлууртай бензинээр гэрийг нь галдан шатааснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ. Одоогоор сэжигтнүүдийг цагдан хорих 461-р ангид үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр бүсгүй ганцаараа амьдардаг байсан аж. Харин дүү нь Налайх дүүрэгт оршин суудаг байсан гэнэ. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хүн амины хэрэгтэй холбоотой хүмүүсийг хуулийн дагуу цагдан хорьдог. Ямар ч тохиолдолд сэжигтнүүдийг батлан даалтад гаргах боломжгүй. Хоёрдугаарт, мөрдөгч хэргийг прокурор руу шилжүүлсэн ч  прокурор нэмэлт мөрдөн байцаалт явуул гэсэн үүрэг өгвөл дахин нэмэлтээр шалгана. Тиймээс энэ хэрэг тийм хурдан хугацаанд шийдэгдэхгүй болов уу” гэсэн хариултыг өглөө.

Талийгаачийг архинд хордсон нь үнэн гэсэн дүгнэлт гарчээ

Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай М гэх охин 2018 оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 06-ны өдөр болж өндөрлөсөн. Шүүхээс  “Цогцост хийсэн задлан шинжилгээгээр илэрсэн нөхцөл байдлыг Архины хор судлалын үндэсний хүрээлэнгийн нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдээр тогтоолгох, хэргийн зүйлчлэлийг нэмэгдүүлэх, хохирогч охины аав сэтгэцийн цочролд орсон эсэхийг СЭМҮТ-өөр тогтоолгох, гэмт хэрэг гарсан “Очир” төвийг хариуцагчаар татах” шийдвэрийг гаргасан юм.

Архины хор судлалын үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд “13 настай хохирогч охин М-ын цусанд 4.3 промилли, ходоодны шингэнд 5.7 промилли этилийн стирт илэрсэн байна. Уг дүгнэлтэд 13 настай охин ийм хэмжээний согтолтод хүрэхийн тулд ойролцоогоор хоёр литр архи уух шаардлагатай. Тийм их хэмжээний архийг охин өөрөө уух боломж байхгүй. Архинд хордсон нь үнэн” гэдэг дүгнэлтийг 2018 оны тавдугаар сарын 4-ны өдөр гаргажээ.   Өөрөөр хэлбэл, сэжигтнүүд хэргийн ул мөрөө баллахын тулд охины ам руу хүчээр архи цутгаж үхэлд хүргэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон болохыг өмгөөлөгчид мэдээлсэн юм.

Одоогоор уг хэрэгтэй холбоотой шинэ зүйл илрээгүй бөгөөд хэрэг прокурорын шатанд гацсан хэвээр байна. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж