Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр болох гэж буйтай холбогдуулан үндэсний баялаг бүтээгч тэргүүлэх компани Макс Групп хүмүүсийн хамгийн ихээр анхаарал хандуулах ёстой ч заримдаа мартаж орхидог бяцхан хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах “Хүүхдэд ээлтэй, илүү сайхан Монголын төлөө” арга хэмжээг зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй болон өнчин хүүхдүүдэд томчууд бидний тусламж, дэмжлэг хамгаас илүү хэрэгтэй байдаг билээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд багачуудад чиглэсэн тусламж, төсөл байнга зохион байгуулдаг Макс Группийн хувьд энэ удаад зорилтот бүлгийн, тусламж нэн шаардлагатай байгаа хүүхдүүдийг сонгон, тэдэнд хэрэгцээтэй зүйлсээр дэмжих мөн хүсэл мөрөөдлийг нь улам бататгаж өгөх үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Макс Моол худалдааны төвийн нэг давхарт байрлах хүрэл тогоо анх хандив цуглуулах зорилгоор тэнд байршаагүй боловч хүмүүс мөнгө хийсээр, Макс Групп үүнийг хандивын хүрэл тогоо болгосон юм. Хүмүүсийн сайхан сэтгэлээс цугларсан хандив нийт 3 сая төгрөг болж, Макс Групп энэ мөнгийг ХОЁР ДАХИН үржүүлж хүүхэд багачууддаа зориулахаар болсон юм.
“Хүүхдэд ээлтэй, илүү сайхан Монголын төлөө” үйл ажиллагааны хүрээнд “Өнөр бүл” асрамжийн газар болон БГД-ийн 11 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сонгон, тэдэнд нэн хэрэгтэй байгаа эд зүйлээр тусаллаа.
Макс Группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд:
Энэ удаагийн хүүхдүүддээ чиглэсэн арга хэмжээ маань нэгэн онцлогтой болж байна. Учир нь Макс Моолоор үйлчлүүлдэг хүмүүсийн хандив тусламж багтаж, бид үйлчлүүлэгчидтэйгээ хамтран хүүхдүүддээ дэмжлэг үзүүлж байна. Хүүхдүүдийнхээ цаашдын сайн сайхан ирээдүйд амжилт хүсье.”
Хүүхдүүдийн “Мөрөөдлийн хайрцаг” энэ үед аялж эхэлсэн юм. Хүүхэд болгон өөрсдийн нандин хүсэл мөрөөдлөө цаасан дээр бичиж, уг хайрцагт хийснээр тэдний мөрөөдөл илүү баттай, илүү гэрэл гэгээтэй хадгалагдан үлдэх боломжтой болсон юм.
Уг хайрцгийг хүүхдүүдийн дунд аялуулж, хүсэл мөрөөдлөөс нь сонсоход танхим инээд хөөр, догдлолоор дүүрч байсан юм. Хүүхдийн мөрөөдөл гэдэг хамгийн ариун нандин зүйл гэдгийг ч Макс Группийн хамт олон анзаарч, уг үйл ажиллагааг санаачилсан билээ.
Энэ үеэр Макс Группийн байнгын дэмждэг шилдэг тамирчин хүүхдүүд хүндэт зочид болон уригдсан ирсэн юм.
Макс Группийн дэмжлэг үзүүлдэг Монголын Өсвөрийн Шатрын холбооны шилдэг өсвөрийн шатарчин М.Цэцэнбилэг.
Тэрээр “Цагаан бэрс” шатрын тэмцээнд сүүлийн 7 жил тасралтгүй оролцож, 1-5-р байрыг тогтмол эзэлж байгаа. Азийн өсвөрийн хүүхдийн шатрын тэмцээний медальт, Зүүн Өмнөд Азийн өсвөрийн шатарчдын тэмцээний шагналт байр, Монголын өсвөрийн шатарчдын 2018 оны аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт тамирчин юм.
Талбайн теннисний тамирчин Ч.Маралгоо Олон улсын тэмцээний 4 удаагийн аварга, 2016 оны Азийн аваргын хосын төрөлд мөнгөн медаль, 2018онд Азийн аваргын ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, Монголоос анх удаа 2-р түвшнээс анх удаа Монголоос 1-р түвшинд дэвшиж тоглосон шилдэг тамирчин юм. Тэрээр “Дэлхийн чансаанд бичигдэх нь миний хамгийн том мөрөөдөл” хэмээгээд гадаад явж тэмцээнд оролцох болон зардал гаргахад дэмждэг, бэлтгэлийн төлбөр төлөх зэргээр тусалдаг Максын ах эгч нартаа баярлаж явдгаа илэрхийлсэн юм.
БГД-ийн 11 дүгээр хороонд оршин суух Д.Цэлмэг хүү энэ үйл ажиллагааны сайн сайхан бүхний төлөөлөл байсан билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй, гуравхан настай уг хүүгийн тухай богино бичлэг зочдод хүрч, ийм байдалтай амьдарч буй өөр олон хүүхдийн өмнөөс нэгийг өгүүлсэн. Харин Макс Группийн зүгээс түүнд хамгийн хэрэгтэй байсан алхуулагчийг бэлэглэж, тун удахгүй алхана гэсэн эцэг эхийнх нь гэгээн мөрөөдлийг биелүүлэхэд тус нэмэр болсон билээ.
Үүгээр ч зогсохгүй БГД-ийн 11 дүгээр хороонд оршин суух хөгжлийн бэрхшээлтэй 9 хүүхдэд мөн тэргэнцэр бэлэглэсэн юм.
“Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран хүүхдүүдэд хэрэгтэй зүйлсээр туслах болсон нь сайхан мэдээ байв. Цаашид ч мөн хамтран ажиллаж, тусалж дэмжихээ Макс Групп амласан юм.
“Өнөр бүл” хүүхдийн төвийн нийгмийн ажилтан Т.Нямтогоо:
Макс Групп манай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг дэмжиж, тусалдаг. Энэ удаа бидэнд өгсөн энэ мөнгөөр бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг нь худалдан авч өгөхөөр болсон. Ялангуяа энэ алхуулагч бол хүүхдүүдэд маш хэрэгтэй. Цааш алхах боломж өгөх маш хэрэгтэй зүйл байгаа юм. Мөн Макс Групп манай бүтэн, хагас өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд маань 500 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгдөг. Дэмжиж туслах ах эгч байхгүй хүүхдүүдэд бол маш том тус болдог. Энэ тусламжийн ачаар хүүхдүүд маань боловсролдоо зарцуулах мөнгөтэй болж, боломж гарч ирсэн гэж би харж байгаа. Урьд нь манайд ийм дэмжлэг байгаагүй. Сургалтын төлбөр, ямар нэгэн боловсролын үйлчилгээний төлбөр хийх гэхэд мөнгө асуудал болдог байсан. Харин одоо хүүхдүүдэд боломж нээгдсэн. Ирээдүйгээ сайхан байлгах итгэлийг мөн давхар бэлэглэж байгаа. Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдэд маань туслан дэмжиж байгаад маш их баярлалаа. Харамгүй сэтгэлээр тус дэмээ хүргэж явдагт байнга талархаж явдаг шүү.
Хүүхдүүдийн төлөө, илүү сайхан Монголын төлөө үйл ажиллагаа зөвхөн үүгээр дуусахгүй, цааш улам өргөжин, бүр олон хүүхэд багачуудад хүрнэ гэдэг амлалтыг Макс Группийн хамт олон өгч, нэгэн өдрийг инээд хөөр, амттан, бэлэг дүүрэн өнгөрүүлж чадсан юм. Хүүхэд болгон эрүүл саруул байж, баяраа сайхан тэмдэглэхийг хүсэн ерөөе.
Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп
Хүүхдэд ээлтэй, Илүү Сайхан Монголын Төлөө!