Бөхчүүд өвөрмонгол, буриад барилдааны аль нэгийг сонгоно

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Бөхчүүд өвөрмонгол, буриад барилдааны аль нэгийг сонгоно

Бөхчүүд өвөрмонгол, буриад барилдааны аль нэгийг сонгоно

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ.

Барилдааны талаар “Хамаг Монгол” студийн гүйцэтгэх захирал, барилдааныг зохион байгуулах комиссын ахлагч С.Гантөрөөс тодруулга авлаа.

-Монгол туургатны барилдаанд оролцох бөхчүүд мэдүүлгээ ирүүлсэн гэсэн. Барилдааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол туургатны барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд оролцоно. Буриад, Тувагаас 10-аад бөх ирэх бол Өвөрмонголоос 20 бөх оролцоно гэж мэдүүлгээ ирүүлсэн байна. Халимагаас дөрвөн бөх ирэхээр болсон. Өвөрмонголоос алдарт аварга Д.Баярбаатар,  н.Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн нарын бөхчүүд ирнэ. Өнгөрсөн онд манай том цолтой бөхчүүдийг дэгээдэж унагаж байсан “дэгээ” хочит Жаранбаяр ч ирэхээр болсон. 2014 онд Бөхийн өргөөнд болсон нийтийн монгол бөхийн барилдаанд түрүүлж байсан Хөлөнбуйр аймгийн Ц.Наргил ирнэ. Буриад, Тувагаас манайхны сайн мэддэг үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр барилддаг бөхчүүд оролцохоор болсон байна.

-Барилдаан ямар дүрмээр явагдах вэ?

-Барилдаан гурван төрлөөр явагдана. Монгол үндэсний болон Өвөрмонгол, Буриад барилдаанд тус бүр 128 бөх барилдана. Зочин бөхчүүд бүх барилдаанд оролцоно. Харин манай бөхчүүд аль нэг төрлийг нь сонгоно. Барилдааны засуул, шүүгчид томилогдон ажиллана. Өвөрмонголоос дөрвөн хянагч ирэх бол Буриадаас хоёр засуул ирнэ.   

-Бөхчүүдийн өмсгөлийг сонирхож байна. Өвөрмонгол бөхийн өмсгөл өөр байдаг шүү дээ?

-Өмсгөлийг бэлдсэн байгаа. Өвөрмонгол бөхчүүд ширэн зодгоо өмсөж барилдана. Буриад бөхчүүд цээж нүцгэн барилддаг. Өвөрмонгол болон Буриад бөхийн барилдааны өмсгөлийг бэлдсэн байгаа.   

-Монгол туургатны барилдаан 2008 онд анх Улаанбаатарт болж байсан байна. Тухайн үед ямар дүрмээр болж байсан бэ?

-2008 онд Монгол туургатны барилдаан манай үндэсний бөхөөр болж байсан. Манай улсад анх удаа болж байсан барилдаан олны талархлыг хүлээж байлаа. Бөхчүүд ч идэвхтэй оролцсон. Үүнээс хойш манай бөхчүүд Өвөрмонголд очиж, олон барилдаанд түрүүлсэн. Ч.Санжаадамба аварга монгол туургатны барилдааны дөрвөн төрөлд нь түрүүлчихсэн байгаа. Бусад аваргууд ч мөн өндөр амжилт үзүүлсэн.

-Барилдааны бай шагнал өндөр гэж байсан. Мөн үзэгчдээс азтай нэг үзэгчийг шалгаруулж машин өгөхөөр болжээ?

-Төрөл бүрд түрүүлсэн бөх гурван сая төгрөгийн мөнгөн шагналтай. Үүнээс гадна үзэгчдээс нэг азтан тодорч “Prius” машиныг бэлгэнд авна. Тасалбар 20 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Эх үрсийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүд 10 мянган төгрөгөөр барилдааныг үзэх боломжтой. Хүүхдүүд үнэ төлбөргүй үзнэ. Энэ барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооноос 2017 оны арваннэгдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг авсан. Барилдааныг тавдугаар сард хийнэ гэж анх тооцолж байсан боловч зургадугаар сарын 2-ны өдөр болгон хойшлогдсон. Маргааш техникийн зөвлөгөөны хурал болж, оролцох бөхчүүдийн нэрс тодорно. Наадмын өмнө болж байгаа сорилго барилдааны нэг Монгол туургатны барилдаан болж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж