Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан хүүхдийн парк буюу үндэсний соёл амралтын хүрээлэнгээр орлоо. Паркийн үүдэнд байдаг билет шалгагч болон билет зардаг байсан байрууд байхгүй болсон байв. Учрыг лавлавал өнгөрсөн жилээс парк руу ороход авдаг байсан 1000 төгрөгийн хураамжийг авахаа больжээ. Харин билет шалгах цэгийн оронд сэрүүцэх зориулалттай сэнснүүд байрлуулсан нь хүмүүст таалагдаж байгаа бололтой.
Энэ жилийн хувьд парк нийтдээ 22 тоглоомоор хүүхэд багачуудад үйлчилж байгаа бөгөөд тоглоомын үнэ 4000-6000 хооронд байна. 2-6 насны хүүхдүүдэд зориулсан динозавр, нархан, бөмбөгтэй машин, агаарын дугуй, морин тойруулга, завь, хүслийн галт тэрэг, хөгжилтэй баавгай, алсыг харагч зэрэг тоглоомуудыг ажиллуулжээ. Гэхдээ харгалзах хүнтэй сууж тоглоно гэдгийг тасалбар түгээгч анхааруулж байв. Алсыг харагчид суухаар дугаарлаж буй хоёр охиноо дагуулсан нэгэн Н.Энхболдын гэр бүлтэй уулзаж сэтгэгдлээс нь сонирхлоо.
-Хүүхдүүдийн тоглоом хэр хүртээмжтэй байна?
-Өнөөдөр ачаалал багатай байна. Зургадугаар сарын 1-нд бол маш их ачаалалтай байдаг. Тиймээс зургадугаар сарын 1-нээс өмнө хүүхдээ баярлуулахаар шийдсэн. Ямар ч тоглоом дээр очсон дараалалгүй гоё байна. Байнга ийм байдаг бол сайхан л байна.
-Та хэд өнөөдөр хэдэн тоглоом дээр тоглов?
-Таван тоглоом тоглолоо. .
-Ажиллахгүй тоглоом байна уу?
-Одоохондоо тэгж анзаарагдсангүй. Ерөнхийдөө тоглоомуудаа сайжруулаад, шинээр тоглоомууд нэмж тавиад талбайгаа л нэмэх шаардлагатай байна. Мөн үүдээр ороход авдаг байсан таксаа больсон нь үнэхээр зөв ажил болсон.
Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхдийн баяраар эздээ хүлээж авахад бэлэн болсон гэв. Тус хүрээлэнгийн маркетингийн менежер Ж. Цолмонгоос цөөн асуултад хариулт авлаа.
-Хүүхдийн баярыг тохиолдуулан танай байгууллагаас ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байна?
-Хүүхдийн баяртай холбоотойгоор тавдугаар сарын 29-өөс зургадугаар сарын 4-ны хооронд хүүхэд багачууддаа зориулаад батлагдсан хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулна. Өдрийн хөтөлбөрт хүүхдийн жүжиг, циркийн үзүүлбэр, гуталт муур гэсэн жүжгүүд багтсан.. Мөн дээр нь хөгжөөнт тоглоом явагдаж байна. Оройн хөтөлбөрт нь реппер Жи, Маралжингоо, амьд хөгжмийн хамтлаг дуучид тоглолт хийнэ. Мөн хүүхдийн баярыг тохиолдуулан паркийн баруун хойд буланд үзэсгэлэн асрууд баригдсан. Уг асруудад худалдаа үйлчилгээ, хоол зэрэг үйлчилнэ.
-Тоглоомууд бүрэн ажиллаж байна уу?
-Бүгд бүрэн ажиллаж байна. Эвдрэл гэмтэлтэй тоглоомууд байхгүй. Нийт 22 тоглоом байгаа. Тэрний найман ширхэг нь бага насны хүүхдэд зориулсан тоглоом байдаг.
-Цаашдаа парк хүрээгээ тэлэх талаар хэр ажиллаж байна?
-Мэдээж, үйл ажиллагаа өргөжүүлж ажиллахаар зорьж байна. Парк маань нийт нутаг дэвсгэрийнхээ гуравны нэг дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашдаа шинэ тоглоомуудын тоог нэмэхээр ажиллаж байна.
Н. ГАНБАТ