Хаалттай чуулганы нээлттэй мэдээлэл: ШХАБ

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Хаалттай чуулганы нээлттэй мэдээлэл: ШХАБ

Хаалттай чуулганы нээлттэй мэдээлэл: ШХАБ

УИХ-ын чуулган өчигдөр /2018.05.30/ ээлжит бусаар 15.00 цагт хуралдаж, Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээллийг хаалттай горимоор хоёр цаг орчим хэлэлцэв. Хаалттай хуралдаанаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын асуудлыг голлон хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ШХАБ болон түүнийг дагалдах баримт бичгүүдийн талаарх мэдээллийг гишүүдэд сонсгосон байна. Уг чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Харин Ерөнхийлөгч оролцоогүй гэнэ. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улс ШХАБ-д элсэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Эдийн засгийн форумын үеэр хэлсэн үгэндээ онцолсон.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож гадаад бодлогын чиглэлээр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр ШХАБ-д элсэх Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн бололтой.

Тус хаалттай чуулганаар ШХАБ-д элсэх асуудлыг хэлэлцсэнээс гадна УИХ-ын зүгээс гадаад бодлоготой холбоотой мэдээллийг сонссон бололтой.  Хэлэлцсэн асуудлын гол цөм болох Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх  мэдээлэлтэй холбогдуулж, 20 орчим гишүүн асуулт асууж, хариулт авчээ.

Гишүүд хариулт авсныхаа дараа ‘ШХАБ-д элсэх нь зүйтэй’ гэсэн саналд гишүүдийн олонхи нэгдсэн гэнэ. Тэдний зүгээс тус байгууллагад гарч буй өөрчлөлт Монгол Улсын цаашдын хөгжлийн загвар чиглэлд хэрхэн нийцэх эсэх талаар илүүтэй тодруулж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн улс төрийн шийдвэр гаргах цаг нь ирсэн гэдэг саналаа илэрхийлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Монгол 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүнгүй, жил бүр Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нь  дэмий очдог гэдэг  шүүмжлэлийг УИХ дээр ярьдаг. Гэтэл хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефтээ, газаа барьчихлаа. Энэ бүхэн манайд оройтоод бараг хэрэггүй шахуу тал руугаа орж байна. ШХАБ-д  2017 онд Энэтхэг, Пакистан элсэхээс өмнө манайх элссэн бол олон талын хэлэлцээр болоод манайд төмөр зам тавьж өгөх боломж ч байсан. ШХАБ гэж ярихаар манайхан Хятад гэж боддог. Гэтэл энэ дотор дэлхий багтчихаад байна. Хаалттай горимоор хэлэлцэх ч асуудал биш’ гэдгийг ч хэлжээ.

Чуулганд оролцсон гишүүдээс ганцхан гишүүн ШХАБ-д элсэхийг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хоёр хөрштэйгөө ялангуяа гадаад худалдааны чиглэлд хамтын ажиллагаагаа сайжруулсныхаа дараа ШХАБ-д элсэх зүйтэйг сануулсан байна. Тэрбээр энэ талаар “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр гуравдагч хөршийн бодлоготой болсон. Үүнээс өмнө зөвхөн хоёр хөршийн харилцаатай явж ирсэн. Хоёр хөршийн хооронд эдийн засгийн чухал томоохон төслүүд явагддаг. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр хөрш манай улсын гадаад худалдааны зах зээлд “хориг” тавих хэмжээний татварыг оногдуулдаг. Манайх ОХУ руу бүтээгдэхүүн экспортлоход татвар нь хэт өндөр. 25 хувийн татвар төлдөг журмыг хойд хөрш барьдаг. Урд хөрш ч мөн ялгаагүй өндөр татвар оногдуулдаг. Хэрэв ШХАБ-д элсэхээр болбол бизнес эрхлэгчдийн гадаад зах зээлд гаргах бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөвчлөх асуудлыг сайтар ярилцах шаардлагатай” гэх байр сууриа илэрхийлсэн байна.  

Холбогдох асуудлын хүрээнд зөвхөн санал солилцсон учир ямар нэгэн санал хураалт явагдаагүй. Харин ШХАБ-д элсэх эсэх асуудалд илүү нарийвчлан судалгаа шинжилгээ хийх элсэх үйл ажиллагааны бэлтгэл үе рүүгээ шилжсэн гэж гишүүд ярьж байна. Өөрөөр хэлбэл, Манай улс ШХАБ-д гишүүнээр яагаад, ямар зорилгоор элсэж байгаа вэ гэдэг зорилго, байр сууриа нарийн тодорхойлох шаардлагатай гэж ярилцжээ.

Чуулганы хуралдаанаас ШХАБ-д элсэх эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлэхээр болжээ. Эндээс тодорхой шийдэл гарсны дараа ШХАБ-ын асуудлыг парламентаар орж ирэх бололтой.

Ирэх зургадугаар сарын 9,10-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Шандунь мужийн Чиндао хотод болно. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно гэх мэдээлэл байгаа юм. Энэ үеэр ШХАБ-ын талаар Монгол Улсын Засгийн газар ямар байр суурийг хүргэнэ гэх албан бус  яриа  байна. Тиймээс  үүнээс өмнө тус асуудлыг УИХ-аар хаалттай оруулж гишүүдийн саналыг сонссон байх талтай аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж