Найман настай хүү өвчиндөө шаналан уйлж хэвтэнэ. Түүний хүзүүнээс дээш хэсэг бүхэлдээ түлэгдэж, нүүр царай нь танигдахын аргагүй болжээ. Түүнийг Б.Анар-Төгс гэдэг. Биднийг очихын өмнөхөн өвчин намдаах тариа хийлгэсэн бөгөөд нэг ч үг дуугаралгүй орон дээр чимээгүй сууна. Хажууханд нь хүүгийн ээж Д.Шүрэнчимэг хүүгээ арчлан, санаа алдан суух нь өрөвдөлтэй. Б.Анар-Төгс хүү одоогоос тав хоногийн өмнө золгүй байдлаар түлэгдэж, Гэмтэл согог судлалын төвийн Түлэнхийн тасагт хүргэгдэн иржээ. Хүүгийн нүүр, хүзүү, дух хэсгийг хамарсан, нийт биеийн 15 хувь нь түлэгдэлтэй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.
Зэргэлдээх орон дээр арай ядан амьсгалах бүсгүй хэвтэж байна. Бүсгүйн бүх биеийг бинт, марлаар ороож дусал залгасан байв. Бүсгүйн нүүр түлэгдэлтийн улмаас бүхэлдээ цэврүүтэж шарласан, тэрбээр хагалгаанаас дөнгөж гарч ирсэн бөгөөд үл мэдэг амьсгаадна. Түүнд сувилагч амьсгалын аппарат зүүлгэж, дусал хийгээд өрөөнөөс гарч одов. Түлэнхийн тасгийн тус өрөөнд бүхэлдээ нам гүм ноёлж, хүүхдүүдээ санаа зовсон эцэг эхчүүд тогтож ядан холхиж байлаа. Харин үүдний коридорт дөрвөн настай хүү аавынхаа тэврээс буухгүй хэмээн уйлагнаж байв. /Зургийг эцэг эхийн хүсэлтийн дагуу оруулсан болно/
Гурван хүн түлэгдсэн ноцтой осол гарчээ
Болсон хэрэг явдлыг эргэн сөхвөл, өнгөрөгч Баасан гаригийн 16.05 цагийн орчимд цахилгаан хуваарилах байгууламжид 25 настай бүсгүй хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй орсон бололтой. Энэ үед гэнэт цахилгаан буудсанаас болж гурвуулаа түлэгдсэн байна.Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Алтай 28-р гудамд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо гурван хүн түлэгдсэн ноцтой осол гарчээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт одоогоор гараагүй байгаа аж.
Б.Анар-Төгс хүүгийн ээж Д.Шүрэнчимэг “Под станцын хаалга хоёр гурав хоног онгорхой байсан гэж тэр хавийн хүмүүс ярьж байсан. Хэрэв хаалга нь цоожтой байсан бол ийм асуудал үүсэхгүй шүү дээ” гэсээр яриагаа эхлүүлэв.
Хаалга нь цоожтой байсан бол миний хүү түлэгдэхгүй шүү дээ
-Тухайн өдөр юу болсон бэ? Хүүгийн тань биеийн байдал одоогоор ямархуу байгаа вэ?
-Тухайн өдөр би ажил дээрээ байсан. Над руу 16.40 минутын орчимд ээж маань залгаад ийм хэцүү хэрэг боллоо. Гэмтэл дээр яаралтай очоорой, хүүхдийг чинь аваад явлаа гэсэн. Эмнэлэгт очоод хүүхдээ хараад шууд цочирдсон. Тэр үед юу болсон бэ гэдгийг хүүхдээсээ асуусан. Хүү маань “Тэр эгч түлхүүр тавья гээд дуудаад тийшээ орсон. Дөнгөж ортол гал гарч, бид нар шатсан” гэж хэлсэн. Манай хүүгийн хувьд биеийнх 15 хувь буюу хүзүүнээс дээш түлэгдсэн. Компьютерт харуулахад зулайнаас дээш гүн түлэгдэлтэй. Бусад нь гайгүй гэж эмч нар хэлсэн. Удахгүй хагалгаанд оруулъя гэж ярьсан ч долоо хоног эмчилгээг нь хийгээд түр харзная гэсэн хариуг бидэнд өгсөн.
-Цахилгаан хуваарилах байгууламжийн хаалга нь онгорхой байсан гэв үү? Яагаад тэр хаалгыг цоожлоогүй байсан юм бол. Магадгүй хаалга нь цоожтой байсан бол ийм харамсалтай хэрэг гарахгүй байсан шүү дээ?
-Хүмүүсийн яриагаар тэр под станцын зүүн талын хаалга хоёр гурван хоног онгорхой байсан гэсэн. Хэрэв хаалга нь цоожтой байсан бол хүүхдүүд орж чадахгүй. Под станцыг барьж гүйцэтгэсэн “Мон Энержи Консалт” компанийн гүйцэтгэх захиралтай би уулзсан юм. Бүхэл бүтэн хүний амь настай холбоотой асуудал яригдаж байхад хайхрамжгүй хандаж болохгүй. Тэр захирал хэлэхдээ “Манай компанийн нэр дээр тусламж гуйх маягаар өргөдөл бичээд өгчих. Би захиралдаа танилцуулсны дараа нь та бүхэнд тусламж үзүүлж болно” гэсэн.
Манайхаас тавхан алхмын цаана нарийн гудамжны зүүн талд под станц байрладаг юм. Хэргийн газар дээр би өөрөө байгаагүй. Ямар байдалтай дотогш орсныг сайн мэдэхгүй байна. Хэргийг шалгаж байгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч н.Нямбаяр гэх хүн бий. Өнгөрсөн таван хоногийн дотор бүх юм илрээд, ослын дүгнэлт гарчихсан байх ёстой атал хариуцах эзэн ч байхгүй, хөдлөхгүй байна. Баасан гарагийн орой байсан болохоор жижүүр байцаагч нь надаас ирж мэдүүлэг авсан.
-Ослын шалтгааныг тодруулсан уу? Энэ асуудлыг хэн хариуцах вэ? Холбогдох хүмүүс танд ямар хариу өгсөн бэ?
-“Мон Энержи Консалт” компани дээр очиж уулзахад “Манайх бүх материалаа бүрдүүлээд улсад өгчихсөн байгаа. Энэ асуудлаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын н.Баясгалан гэдэг хүнтэй уулз гээд явуулсан. Тэр хүнтэй нь уулзсан чинь “Манайд тус компанийн бичиг баримт нь ирсэн. Гэхдээ тэр компанийн мөнгө хийгдээгүй байгаа. Тиймээс бичиг баримт буцаагдсан. Хэзээ мөнгөө өгөхийг нь мэдэхгүй” гэсэн. Ингээд под станц яагаад цоожгүй байсан бэ, тэр тусмаа гэр хорооллын дунд байгаа аюултай обьект цоожтой байна гэдэг эрсдэлтэй шүү дээ гэдгийг тодруулах гэсэн боловч хариуцах эзэн байхгүй хоёр тийшээ явуулаад байхюм. Анх миний хүүг түлэгдэхэд Түлэнхийн мэс заслын тасгийн эмч н.Бат-Эрдэнэ хариуцаж авсан. Нөгөө н.Нямсүрэн гэх эмэгтэй нь биеийнх нь 40 хувь түлэгдэлтэй, өнөөдөр хагалгаанд орсон гэж сонссон. Одоогоор хүүтэй минь нэг тасагт хэвтэж байгаа. Бие нь нэлээн хүндхэн байх шиг байна лээ.
-Эмч нарын зүгээс хүүгийн тань биеийн байдлыг юу гэж дүгнэсэн бэ?
-Явцын дунд танай хүүхдийн тархинд ямар өөрчлөлт орохыг хэлж мэдэхгүй. Ямар ч өөрчлөлт гарч болно гэж хэлсэн. Бид үүнд гомдолтой байгаа. Тэр под станцын хаалга цоожтой байсан бол өнөөдөр миний хүү ийм байдалд орохгүй. Хэдхэн хоногийн өмнө хичээлдээ гүйгээд эрүүл саруул явж байсан хүүхэд шүү дээ. Бодохоор л гомдоод байх юм. Хүүг маань эмээ нь хардаг, би ажлаа хийдэг байсан юм. Хүүхэд болсон хойно гудамжиндаа гарч гүйгээд тоглодог байсан. Гэтэл айлуудын дунд, гудамжинд барьсан станцыхаа хаалгыг үргэлж цоожилж болно доо. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах дэслэгч, байцаагч н.Нямбаяр гэдэг хүн надтай утсаар яриад маргааш очно гэсээр байгаад өнөөдрийг хүргэсэн. Баасан гаригаас хойш уулзана гэчхээд өнөөдөр л над руу холбогдож байна. Өнөөдөр би холбогдох байгууллагад очиход ямар ч хариуцах хүнгүй болоод явж байна.
-Улсын комисс хүлээж аваагүй, ашиглалтад ороогүй атлаа тогтой байсан хэрэг үү?
-Тийм. Уг нь 2017 оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой байсан юм билээ.
Хүүгээ харахад анх маш хэцүү байсан
Үүний дараа бид дөрвөн настай хүүгийн аав Г.Ганхуягтай уулзсан юм. Тэрбээр “Хүүгээ харахад анх маш хэцүү байсан. Цаг алдалгүй эмнэлэгт хэвтүүлсэн тулдаа гайгүй байх шиг байна. Манайх тэр под станцын хажууд байдаг юм. Тэр өдөр хүүхдүүд тоглож яваад түлэгдсэн байх. Под станцыг хараахан ашиглалтад оруулаагүй ч тогтой байсан болохоор л хүмүүс гэмтэж байгаа шүү дээ. Энэ түлэгдсэн эмэгтэй манай хамаатны дүү юм. Манай хүүг харж байгаад тийм зүйл болсон юм билээ. Манайд ирээд хоёр хонож байсан. Дүүгийн биеийн байдал хүндхэн байна. Хэцүү байна шүү дээ” гэв.
Миний охин үхлийн ирмэгт байна
Түлэгдсэн охины ээж “Манай охины биеийн байдал хүндхэн байгаа. Бараг үхлийн ирмэг дээр байна. Энэ асуудлыг холбогдох хүмүүс даруйхан шийдэж өгөх байх. Манай охин манай дүүгийн хүүхдийг харах явцдаа түлэгдчихлээ. Би ослын газар байгаагүй болохоор бусад зүйлийг мэдэхгүй” гэлээ.
Түлэнхийн төвийн жижүүр эмчээс тэдний биеийн байдлыг тодруулахад “Энэ сарын 25-ны өдөр манайд гурван хүн хүргэгдсэн ирсэн. Тэдний нэг нь болох 25 настай эмэгтэйн нийт биеийн 40 хувь нь гүн түлэгдэлтэй буюу 3Б зэргийн түлэгдэлтэй. Ерөнхийдөө биеийн байдал нь хүнд байна. Харин Б.Анар-Төгсийн хувьд харьцангуй тогтворжиж, өчигдрөөс тасагт шилжүүлэн эмчлэгдэж байна. Түүний биеийн 15 хувь түлэгдэлтэй буюу 3А зэргийн түлэгдэлтэй. Ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа. Үүнээс гадна дөрвөн настай хүү байгаа. Тэр хүү одоогоор тасагт эмчлүүлж байна” гэсэн мэдээллийг өглөө. Харин энэ асуудлыг одоогоор хариуцах эзэн олдсонгүй. Гурван хүн эрүүл мэндээрээ хохирч үлдсэн харамсалтай дүр зураг нүднээ бууна.
Э.Ариун
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ