Гүржээс анхны озэки цолтон төрлөө

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

Гүржээс анхны озэки цолтон төрлөө

Гүржээс анхны озэки цолтон төрлөө

Мэргэжлийн сүмо бөхөд амжилттай барилдаж байгаа Гүржийн бөх Точиношин өчигдөр озэки \арслан\ цол хүртлээ. Токио хотод болсон зуны тэмцээнийг 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлүүлсэн Точиншин озэки цол хүртэх болзлыг хангаад байсан юм.

Энэ жилээс эхлэн дээд зиндаанд амжилттай барилдаж, нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн Точиношин ёкозүна Хакүхо, Какүрюү нарын хамгийн хүчтэй өрсөлдөгч бөх болон гарч ирсэн. Тавдугаар сарын башёд мөн сүүлийн өдрийг хүртэл ёкозүна Какүрюүгийн араас ганцаараа нэхэж байсан юм.

Сүмо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, сэкивакэ Точиношинд санал нэгтэйгээр озэки цол олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн дараа холбооны төлөөлөгч Касүгано дэвжээнд ирж, Касүгано ояката, Точиношин нарт баярт мэдээг дуулгасан байна.

Точиношин озэки болсны дараа “Ояката багшийнхаа зааж сургасан зүйлийг баримтлан сахиж, бөхчүүдийн үлгэр дууриалал болохоор бэлтгэлдээ хичээн зүтгэнэ” хэмээн хэлсэн байна.

Касүгано дэвжээний бөх Точиношиний жинхэнэ нэр нь Леван Горгадзе. Тэрбээр 1987 оны аравдугаар сарын 13-ний өдөр Гүржийн үзэсгэлэнт хотуудын нэг Мцкетад төржээ. Точиношин багаасаа жүдо бөхөөр хичээллэж, үндэсний бөх болох элсэнд хүч үзэж чидаобагаар барилдаж өссөн байна. 2004 онд болсон сүмо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах сонирхогчийн тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлсэн нь түүнд энэ спортыг сонгох сонирхлыг нээж өгчээ. Точиношин Ничидай их сургуулийн сүмогоор алдартай клубт дасгал сургуулилтыг хийж, сүмод хөл тавьсан түүхтэй.

Тэрбээр 2006 оны эхээр Касугано дэвжээнд элсэн орж, хаврын тэмцээнээс эхлэн мэргэжлийн сүмод барилдаж эхэлжээ. Точиношн 2008 онд жюүрёод түрүүлж, зуны тэмцээнээс эхлэн дээд зиндаанд барилдаж эхэлсэн байна. 2013 онд баруун өвдгөндөө бэртэл авч макүшитад унажээ. Гэхдээ 2014 оны арваннэгдүгээр сарын барилдаанд дээд зиндаанд дахин барилдаж, энэ жил онцгой амжилтыг үзүүлсээр озэки цолтон боллоо.

Тэрбээр энэ хугацаанд гарамгай, дайчин, уран барилдааны шагналыг олон удаа хүртсэн байна. 2018 оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн нь түүнд озэки цолтон болох эхлэлийг тавьсан юм.

Точиношин гадаадын 11, зүүн Европын гурав дахь озэки цолтон боллоо. Түүний жин 177 кг, өндөр нь 192 см:

Точиношинийг сүмод амжилттай барилдаж эхэлснээс хойш Гүржид сүмо бөхийг  маш ихээр үздэг болжээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард түрүүлж, Гүрж улсын нэрийг Японд төдийгүй дэлхий дахинд таниулж чадлаа. Мөн түүнийг одоо эх нутагт нь баатарын хэмжээнд хүлээж байгаа аж.

Точиношин сүмогийн түүхэнд 30 насандаа озэки цолтон болж буй дөрөв дэх бөх болсон байна. Тэрбээр 2016 онд нутгийн эмэгтэйтэй гэрлэж, өнгөрсөн онд охинтой болжээ. Гэхдээ түүний эхнэр, хүүхэд Гүржид амьдардаг байна. Точиношин ирэх долоо хоногт нутгаа зорих аж.

Шинэхэн озэки цолтон Точиношинийг ирэх долдугаар сарын тэмцээнд томоохон өрсөлдөөнийг гаргахыг шүтэн бишрэгчид нь хүлээж байна. Тэрбээр өнөө цагт ноёрхоод байгаа монгол аваргуудын хүчтэй өрсөлдөгчийн нэг болон тодорсон бөхийн нэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж