НАКИ: Боломж таарвал Уитни Хьюстон, Мэрайя Кери нарыг дуурайхыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2018.05.31-нд нийтлэгдсэн

НАКИ: Боломж таарвал Уитни Хьюстон, Мэрайя Кери нарыг дуурайхыг хүсдэг

НАКИ: Боломж  таарвал Уитни Хьюстон, Мэрайя Кери нарыг дуурайхыг хүсдэг

‘Боловсрол суваг’ телевиз “Эндемол Шайне” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ. Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг.Тэгвэл  ‘Яг түүн шиг-3” шоуны  оролцогчдын үзүүлбэр тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болсон юм. Шоуг анх гарсан цагаас эхлэн үзэгчдийг сонирхлыг татаад буй авьяаслаг оролцогч дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Накитай ярилцлаа.


-‘Яг түүн шиг-3” шоунд оролцох урилга хүлээж авахад танд ямархуу сэтгэгдэл төрсөн бэ?

-Боловсрол суваг телевизийн хамт олонтой анх  2017 онд “Оддын академи” шоунд хамтран ажиллаж байсан. Шоу дууссаны дараа “Яг түүн шиг 3” шоу эхлэх гэж байгаа. Чи орох уу’ гэж асуухад нь шоуны дууны багшаар ажиллах юм байна гэж бодсон. Гэтэл намайг шоуны оролцогчоор  орох  санал тавьсан. Мэдээж, шоуны урилгыг хүлээж авахдаа маш баяртай байсан.  Яагаад гэвэл энэ шоу уран бүтээлчдийн  хувьд амьдралдаа хэн нэгнийг дуурайж дуурайчих юмсан гэдэг битүүхэн мөрөөдлийн биелэл байсан. Том шоу учраас тухайн өдөр нь багаасаа сонсож, өссөн хэд хэдэн дуучны хоолойг дуурайх гэж оролдсон.

-Хүмүүст өөрийг тань энэ шоунд оролцох болсон талаар танилцуулахад гайхаж хүлээж авсан. Учир нь өөрөө уран бүтээлчдийн арын албанд зүтгэдэг, олны өмнө ил байдаггүй нэгэн. Таны шийдвэрийг найзууд чинь хэр хүлээж авсан бэ?

-Рок, попын мундаг уран бүтээлчид намайг халуун дотноор дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр үзэгчид намайг төдийлөн мэдэхгүй. Миний хувьд студийн компьютер техникийн ард, уран бүтээлчдийн дууг яаж  гоё болгох вэ гэж хөгжим дээр нь ажиллаад суудаг. Харин одоо тэдэнтэй адилхан тайзан дээр гарч ирээд дуулах нь надад сонирхолтой байсан. Мөн үзэгчдэд ч гэсэн сонирхолтой байгаа болов уу гэж бодож байна. Эхний баззер сонголтоор даруухан мөртлөө гоё стиль имижтэй дуучин таараасай гэж бодож байсан. Тэгсэн дэлхийн супер од  Beyonce таарсан. Түүний хоолойг хэрхэн дуурайх уу, яаж бүжиглэх үү гээд  бяцхан айдастай байсан. Би их хичээж бэлтгэсэн. Эмэгтэй хүн болохын тулд сахлаа авсан, биеийнхээ үсийг хусч, чихээ цооллоо. Ямартай ч даваад  гарсан шүү.

-‘Чингис хаан’ хамтлагийн Д.Жаргалсайханыг маш сайн дуурайсан гэж үзэгчид их магтсан. Харин та  өөрийгөө Д.Жаргалсайхан гавъяаттай хэр адилхан болсон гэж бодож байна?  

-Д.Жаргалсайхан ахын хоолойг дуурайх  амаргүй байсан. Надад асар их хариуцлага мэдрэгдсэн. Яагаад гэвэл рок попынхон бүгд  энэ хүнийг хүндэлдэг. Тэр хүнээс үлгэрлэл авдаг учраас дуурайх гээд элэглээд хаячих вий дээ гэж эмээж байсан. Тиймээс Д.Жаргалсайхан ахын характерийг нь жинхэнэ утгаар нь гаргах гэж их хичээсэн.

-Шоуны дараа Д.Жаргалсайхан гавъяат  өөрт чинь ямар  нэгэн зүйл хэлсэн үү?

-Хэлээгүй. Би Д.Жаргалсайхан ахыг дүрийг бэлтгэж байх үедээ өөрт  нь “Баззераар таныг сонгож таарлаа. Дүү нь таны “Чингисийн баатрууд” дууг дуулмаар байна” гэж хэлсэн. Тэгсэн ахын дүү сайн оролцоорой гээд амжилт хүссэн. 

-Та Justin Timberlake-г өнгөрсөн дугаарт дуурайсан. Дуурайхад хэр хэцүү байв?

-Ер нь бид хоёрын хоолой төстэй. Баззер дараад Justin Timberlake  таарахад надтай төстэй хоолойтой хүн таарчихлаа гэж бодож байсан. Яг дуулаад үзсэн чинь миний хоолой л сонсогдоод болдоггүй дээ. Би өөрийнхөө хоолойг гадарлалгүй яах вэ?  Бүр  нарийн сонсоод үзэхээр яг адилхан темпертэй хүмүүсийн хоолойнд ялгаа их байдаг юм  байна. Бусад хүмүүст бид хоёрын хоолой төстэй сонсогдсон байж магадгүй. 

-Үүнийг мэргэжлийнхэн ялгаж мэдэх байх. Үзэгчдийн хувьд төстэй  сонсогдож байсан?

-Дуулж байхад эрс өөр хоолойтой хүнийг дуурайхад бараг амарч юм шиг  санагдсан. Өөртэйгөө адилхан хоолойны темпертэй хүн таарахад их хүндрэлтэй юм байна гэж бодогдсон шүү.

-Дэлхийн супер од Beyonce, Филипп Киркоров, Д.Жаргалсайхан, Justin Timberlake-г дуурайлаа. Цаашид хэнийг дуурайж дуулмаар байна?

-Уянгын дуу дуулдаг дуучид  таарвал сайхан санагдах байх.Манайхны сайн мэддэг Whitney Houston, Mariah carey зэрэг гайхалтай дуучдыг  боломж нь таарвал дуулж үзэх юмсан гэж боддог.

-Яагаад заавал эмэгтэй хүмүүс гэж. Дуурайхад хэцүү биш үү?

-Би өөрөө дуулахдаа хатуу дуулдаггүй. Зөөлхөн аргадаж дуулахыг илүүд  хүсдэг. Тэгэхээр эмэгтэй хүний дуулж байгаа зөөлхөн, уянгалаг байдал  нь  миний хоолойтой илүү дөхөж очих юм болов уу 

-Энэ голдуу залуус оролцож байгаа болохоор их өрсөлдөөнтэй шоу болж байна. Таны хувьд хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?

-Ц.Тэмүүлэн анх шоу эхэлсэн цагаас дугаар бүрт сонирхолтой шоу үзүүлж байгаа. Өнгөрсөн  ням гарагт Freddie Mercur-г ямар сайн дуурайсан билээ. Тэр үйл хөдлөл, дуулалт нь андуурмаар  адилхан болсон. Тиймээс би Ц.Тэмүүлэнг хүчтэй өрсөлдөгч  гэж харж байгаа. Авьяаслаг дээрээс нь хувь хүний үзэл бодол нь  их мундаг.

-Шүүгчид бодит үнэлгээ өгч чадаж байна уу?

– Бид бүгдээрээ өөрсдийнхөө үзүүлбэрийг хамгийн сайн нь  байгаасай л  гэж  хүсдэг. Үнэхээр сайн үзүүлбэрт шүүгчид өндөр оноо өгвөл би хэзээ ч үгүйсгэхгүй. Харин хүлээн зөвшөөрнө. Оролцогч хүний нүдээр байгаагаар нь шударгаар хардаг. Шүүгчдийн шүүлтэд итгэдэг гэх үү дээ. Харин үзэгч байсан өөр санаа оноо хэлэх байх.  Шүүгч, оролцогч, үзэгч бол гурван өөр харах өнцөг  юм даа.

-Та гэр бүлээ танилцуулаач. Шоуны бэлтгэл, ар гэрийн амьдрал, ажил гээд бүхнийг яаж зохицуулж байна?

Би эхнэртэйгээ гэрлээд долоон жил болж байна. Бид гурван сайхан охинтой. Эхнэр маань миний хамгийн сайн дэмжигч бас сайн ар тал. Beyonce дээр эхнэрээсээ эрүүний шөл их уусан. /инээв/

-Яагаад?

-Бэлтгэлийн үеэр өндөр өсгийт дээр алхаж байгаа нь онцгүй байна. Бүжиглэж байгаа нь хүртэл болохгүй байна тэрийгээ зас гээд шуудхан л хэлчихдэг байсан. Эмэгтэй хүний харах нь хүртэл  хүний хайрыг татдаг. Би гэхэд инээхдээ арзайсан аймшгийн л инээгээд байх шиг байгаа юм. /инээв/ Тэр болгон дээр манай эхнэр зааж зөвлөсөн. Гэхдээ  тэгж их зөвлөж шаардлага тавьсны хүчинд шоуны эхний дугаарт түрүүлсэн юм болов уу гэж бодсон.

-Сониноос хэзээ өөрийнхөө уран бүтээлийг гаргахаар төлөвлөж байна?

-Шоугаа сайн үзүүлэхийн тулд өглөө оройгүй шаргуу бэлтгэж байна. Тэмцээн эхлэхээс  өмнө ганц хоёр дууныхаа хөгжим дээр ажиллаж байгаад түр орхисон. Шоугаа амжилттай дуусгасны дараа  дуугаа үзэгчдэд хүргэнэ  ээ.

-Бидний урилгын хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Сонгосон дүрээ амжилттай бүтээж, үзэгчдийг илүү ихээр  гайхшируулаарай  гэж ерөөе.

-Баярлалаа.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж