Бороо хэзээ орох вэ, дарга аа !

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Бороо хэзээ орох вэ, дарга аа !

Бороо хэзээ орох вэ, дарга аа !

Гадаах градус 30 даван халж, ’30-аас дээш насны ахмадууд даралтаа анхаарах’-ыг Үндэсний телевизээр сэрэмжлүүлэх болсон  зуны үед хүн бүр бороо, хур хүсч байгаа нь лавтай. Хаврын нялх ногоо халуунд хатаж эхэлснийг хөдөөнийхөн ярьж байна. Харин хэзээ бороо орж газрын цангаа тайлагдах бол гэдэгт Ус цаг уурынхан ч баттай хариу хэлж чадахгүй сууна.  Урьдчилсан мэдээгээр энэ зун  ойрын жилүүдтэй адил хэмжээний бороо орох төлөвтэй байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр зургадугаар сард Говь-Алтайн зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар мөн үеийн дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дундаж орчим бороо орох аж.

Харин долдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар мөн үеийн дундаж орчим бороо орох төлөвтэй байгаа аж. Аж гэж бичих шалтгаан нь ерөнхийдөө бороо орох магадлалтай л гэсэн үг.  Цаг агаарын албан ёсны төлөв нэг ийм байна. Байгаль дэлхий ‘ааш муутай’ тохиолдолд үүл буудаж, бороо оруулах нь улс орнуудын хувьд хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ үүл буудаад ч бороо орохгүй бол яах вэ.  Мөн үүл буудах төсөв хэр хангалттай вэ. Энэ талаар тодрууллаа.

Үүлэнд зориудаар нөлөөлөх хангалттай нөөц бий

Монгол Улсын хувьд 1996 оноос эхлэн үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулж байгаа гэнэ. Цаг агаарт зориудаар нөлөөлөх 42 экспедиц ажилладаг аж. Энэ жилийн хувьд үүлэнд нөлөөлөх пуужинг хангалттай нөөцөлсөн байна. Жилд дунджаар 1000 орчим пуужин нөөцөлдөг бол энэ жил 2200 пуужин нөөцөлжээ. Үүнээс харахад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах хэрэгсэл хангалттай байна. Гэвч гол асуудал техник технологид биш үүлэнд байгааг мэргэжлийнхэн онцлов.

Учир нь, Монгол орныг дайран өнгөрч буй үүлний ихэнх нь өмнөд хөршөөс орж ирдэг аж. Ялангуяа, Шинжаань, Уйгарын газар тариалангийн бүс нутгууддаа зориудаар цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагааг хятадууд маш эрчимтэй явуулдаг гэнэ. Тиймдээ ч Өвөрмонголын газар нутагт цаг агаарт зориудаар нөлөөлдөг 1000 гаруй экспедиц байдаг бөгөөд өөрийн нутаг дээгүүрх үүлийг зүгээр өнгөрүүлдэггүй аж. Тэндээс нүүж, Монголд орж ирж буй үүлнүүд нимгэн, ус багатай, чийгшилгүй, шилжих хурд ихтэй байдаг гэдгийг албаны хүмүүс тодотголоо. Тиймээс Монголын мэргэжилтнүүд тохироо нь бүрдсэн үед л үүлэнд зориудаар нөлөөлөхөөс өөр аргагүй болдог гэж тайлбарлав. Тэд энэ зун сард дунджаар 3-4 удаа л үүл буудна хэмээн таамаглаж байгаа аж.

 Үүлэнд зориуд нөлөөлөх нь муу юу?

Өнгөрсөн жилийн хувьд 600 удаа үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулжээ. Үүнийг иргэд буруутгаж “Үүл буудсанаас болж ган боллоо” гэж шүүмжилсэн. Гэвч, үүнийг  Ус, цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Бат-Өлзий үгүйсгээд ‘Үүл усархаг биш, чийглэг биш учраас буудаж бороо оруулсан ч газарт чийг өгөхгүй байсан’ гэдгийг хэллээ. Мөн үүл буудаж буй бодис нь хортой хэмээн иргэд болгоомжлох нь бий. Энэ талаар мэргэжилтнээс тодруулахад “Үүлэнд зориудаар нөлөөлөхөд иодон мөнгийг ашигладаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэг литр усанд 0.05 микро грамм мөнгө байхад амьтан ургамал, хүний биед ямар ч аюулгүй гэж үздэг” гэлээ. Түүнчлэн үүлэнд нөлөөлөх бодис болон пуужинг БНХАУ-аас авдаг юм байна. Учир нь, Монголын уур амьсгал Өвөрмонголынхтой төстэй тул хамгийн сайн тохирно гэж үзжээ. Түүнчлэн нэг удаа үүлэнд нөлөөлөхөд 300-350 мянган төгрөг зарцуулдаг юм байна.

ЭНЭ ЖИЛ ДАХИН ГАН БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

Өнгөрсөн жил 600 удаа үүлэнд нөлөөлсөн ч нутгийн дийлэнх хэсэгт ган болсон нь үүл нимгэн, чийгшилгүй байсантай холбоотой юм байна. Харин үүлэнд нөлөөлж бороо оруулах хүртэл хэт дулаарч байгаа нь бас учиртай. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас 2016 онд Эль-Нино-ийн (Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл) сөрөг нөлөөнд өртөж болзошгүй 10-аад улсыг нэрлэж түүний дотор Монгол Улсыг нэр зааж ган гачиг болох магадлалтай хэмээн дурдсан. НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас гаргаж буй тоймоос үзвэл 2015-2016 оны энэхүү Эль-Нино аажмаар суларч, цааш нь мэргэжлийн хэллэгээр Ла-Нина болох магадлалтай гэнэ. Ла-Нина нь байгалийн нэг үзэгдэл бөгөөд  хэт халж, хэт хуурайшдаг, эсвэл хэт усархаг бороо орж, үер болохыг хэлдэг юм байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч өмнө нь болсон түүхээс харахад Эль-Нино нь тухайн жилдээ биш түүнээс хойших жилүүдэд дараалсан хуурай жил үргэлжилж магадгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Эль-Нино нь агаар мандалд маш хүчтэй савлагаа бий болгочихвол магадгүй дараа жилээс нь манай оронд нөлөөлж олон жил дараалан ган гачиг, хуурайшилт болох магадлалтай. Ингэж таамаглах үндэстэй” гэв.

Эндээс харахад, монголчууд бороог хүсээд ч, үүл буудах гэж оролдоод ч хурмаст тэнгэр хишгээ хайрлах магадлал бага байна. Тиймээс цаг агаарын нөхцөлдөө зохицуулан усалгаат газар тариалан болон бэлчээрийн даацдаа тохирсон мал аж ахуй эрхлэхээс өөр сонголт одоогоор алга. Түүнчлэн мэргэжилтнүүд нэгдэн ширээний ард суугаад цаашид хэрхэх талаар шийдэл хайж ярилцах цаг хэдийнэ болжээ. Өмнө нь ‘Бороо орж байг уу, дарга аа’ гэдэг байсан бол одоо ‘Бороо хэзээ орох вэ, буудчих уу жанжаан’.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж