Л.Элдэв-Очир: Сонгуулийн улстөр эрт эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

Л.Элдэв-Очир: Сонгуулийн улстөр эрт эхэлж байна

Л.Элдэв-Очир: Сонгуулийн улстөр эрт эхэлж байна

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээсээ болоод нэлээд “баалуулав”.

Тэрбээр “Таван хүүхэдтэй, хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг олон айл байна. Ажилд авна гэсэн зар мянга мянгаараа байхад халамжийн буруу бодлогоос болоод хүмүүс ажил хийгүй байна” хэмээн шүүмжилсэн.

Түүний хэлсэн энэ үгийг олон нийт шүүмжилж, 100 мянган төгрөгөөр таван хүүхэд тэжээж хүрэхгүй гэцгээж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир дээрх асуудлаар УИХ-ын чуулган дээр залруулга хийлээ. Тэрбээр “Халамжийн бодлого аль ч оронд байдаг. Тухайн улс эдийн засгийн чадвартаа тулгуурлаж, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө үед нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгосноор эмзэг бүлгийн хүүхдүүд хамрагдчих юм байна гэдэг утгаар хэлсэн. Дараа дараагийн жилд төсөв хөрөнгө эдийн засгийн байдлаа харж байгаад хүүхдийн мөнгөний хамрах хүрээ, тоо хэмжээг нь ч нэмээд явах боломжтой. Ийм л асуудлыг би ярьсан. Миний санаа бол зорилтод бүлгээ зөв тодорхойлоод, амсуурга төдий биш, амьдралд нь итгэл төрүүлэхүйц, хувийн амьжиргааг нь дээшлүүлэхэд нэмэр болохуйц дэмжлэг үзүүлээд явах юм бол зорилтод бүлэг ядуурлаас гаргаж чадна гэдэг утгаар хэлсэн. Дээр нь хөдөлмөрийн үнэлэмж бага байна. Эмч, багш нар цалигаа нэмэгдүүлнэ гэдэг гарцаагүй шүү дээ, тэдний цалин бага байна.  Ийм бага үнэлэмжтэй нөхцөлд ард иргэд хүүхдийнхээ мөнгөөр амьдралаа залгуулж байна. Энэ бүхнийг газар дээр нь очоод үз л дээ. Үнэхээр төрийн алдаатай бодлогоор, амьдралын эрхээр ядуурсан эмзэг бүлгийг дорвитой дэмжиж, халамжийн бодлогоо тийш нь чиглүүлэх шаардлагатай байна. Мөн тэднийг ажлын байраар хангах, амьдрах орчныг бий болгож өгье гэсэн санааг би илэрхийлсэн.  Түүнээс айлын хүүхдийг алагчлаад байгаа зүйл байхгүй. Ер нь бол халамжаас боломжийг илүү олгох нь төрийн үүрэг юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийгмийн үйлчилгээнд  1 сая 162 мянган хүн хамрагдсан байна. Өнөөдөр ажил хийдэггүй 1 сая 22 мянга 900 иргэн байна. Ажил хийж, татвар төлдөг 1 сая 147 мянган иргэн байна. Тэгэхээр ажил хийж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх, хоёрт, өрх гэрүүдийг ядуурлаас гаргахын тулд халамжийн бодитой бодлого явуулах хэрэгтэй. Ингэхийн тулд ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэр байгуулах асуудлаа л ярих ёстой байна. 2020 оны сонгуулийн улстөр эрт эхэлж байна шүү. Миний яриаг эвлүүлсэн бичлэг цацагдсан байна лээ. Тэр бичлэг дээр гарч байгаа Ж.Мөнхбат, С.Эрдэнэ нар өөр асуудал ярьсныг миний яриатай эвлүүлсэн байна” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж